Хятадууд авлигачдаа Швейцариас байтугай, Саран дээрээс ч “авчирна”


 БНХАУ-ын дарга Си Зиньпин 2012 онд ажлаа авснаас хойш тавьсан хамгийн том зорилгуудын нэг нь авлигын эсрэг хүчтэй тэмцэх явдал байв. Түүний санаачлан хэрэгжүүлж буй “Бар ба Үнэгний ан” тусгай ажиллагаа нь авлигатай тэмцэх талаар дэлхий нийтэд үлгэр жишээ болж, олон нийтийн анхаарлыг татсаар байгаа билээ.

 Энэ ажиллагааны хүрээнд гэхэд, Хятадын өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн эрхэм авлигын асуудалд орооцолдон шийтгүүлсэн юм. Жишээ нь, Хятадын Коммунист намын улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн Жоу Юнкан авлигын сүлжээний хамгийн том акулд тооцогдон баривчлагдаж, бүх насаараа хоригдох ялаар шийтгэгдэн дуулиан тарьж байсан билээ. Жоу Юнканы хүү Жоу Бинд 18 жилийн хорих ял, эхнэр Жиа Сиаоюд есөн жил хорих ял оногдуулж байсан юм.

 

 Хятад улс авлигачдаа зөвхөн өөрсдийг нь гэлтгүй, ах дүү амраг садан, найз нөхөд тойрон хүрээллийг нь хамруулан шалгаж, сүлжээг илрүүлэн арга хэмжээ авч байгаа нь хорт явдлын үр үндсийг “устгахад” ихээхэн нэмэр болж байгаа аж.  Жоу Бинийг баривчлах шийдвэр 2013 онд гарах үед тэрээр АНУ руу зугатсан хэдий ч Бээжин-Вашингтоны хэлэлцээрийн дагуу түүнийг баривчлан авчирсан талаар Ройтерс мэдээлж байсан билээ. Тэгээд ч, Хятад улсын энэхүү алдарт “Үнэгний ан” тусгай ажиллагааны гол уриа нь: авлига авсан нь тогтоогдсон хэн нэгэн албан тушаалтныг Швейцарь байтугай Саран дээрээс ч олж авчирна гэх бөгөөд үүнийгээ байн байн CCTV-ээрээ цацаж, авлигачдын зүрхийг чичрүүлдэг бололтой. 

Гэтэл манайд байдал эсрэгээрээ. Авлига авдаг этгээдүүд шийтгүүлэх нь бүү хэл, харин ч бүр баяжин тансаглаж, Швейцарийн банкинд оффшор данс нээлгэж авлигын мөнгөө байршуулан, бараг л Саран дээр очиж зугаалах нь холгүй юм болж байх шиг. Тэр энэ тэдэн мянган долларын авлига авсан гэнэ лээ гэж хоорондоо хов базахаас хэтэрдэггүй бөгөөд тэр талаар нь шалгаж нягталж байгаа хүчний байгууллага байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд.

Авлигатай тэмцэх талаар иймэрхүү үлбэгэр байдлаас харахад, дээд албан тушаал дээр сууж буй нөхдүүд өөрсдөө орооцолдох магадлалтай болохоор төдийлөн хүчлэн шалгадаггүй юм болов уу. Хааяа ганц нэг хүнийг АТГ баривчиллаа гэж сенсаци дэгдээхээр харахад, цаана нь заавал улстөрийн ямар нэгэн эрх ашиг нуугдаж байх нь элбэг. Тэрнээс биш, үнэхээр авлигаас салъя, авлигачдаасаа хагацъя гэх хүсэл эрх мэдэлтнүүдэд байдаг эсэх нь эргэлзээтэй. АТГ-ыг зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө, өөртөө таалагдахгүй байгаа хэн нэгний эсрэг барих “мод” болгон ашиглаж байгаа нь ч нууц бус.

Монгол төрийн толгойд хэзээ нэг өөрийн гэсэн “Си Зиньпин, Путин” гарч ирж, улстөр, нийгмийг авлигачдаас цэвэрлэх тэр гэгээн цагийг харах хувь тавилан бидэнд олдоосой гэж залбирах л үлдлээ...

 Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.