Элчин сайдыг хөнөөсөн аллагад Гюленийг сэжиглэв


ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн хэргийг Фетхуллах Гюлений үүсгэн байгуулсан Гюлен хөдөлгөөн удирдан, зохион байгуулсан гэж сэрдэж буйгаа Туркийн тал илэрхийлсэн байна. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлут Кавусоглу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярих үедээ ийн хэлсэн талаар дипломат эх сурвалжийн мэдээнд үндэслэн Туркийн Анадолу мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Туркт өнгөрсөн долдугаар сард гарсан төрийн эрхийг булаах оролдлого, санаачилгыг гаргасан гол хүн нь Гюлен гэж Туркийн эрх баригчид үздэг. Сөрөг хүчний лидер, лалын номлогч Фетхуллах Гюлен цагтаа Эрдоганы гол холбоотон, Туркийн нөлөө бүхий хоёр дахь хүн хэмээгдэж байсан ч хээл хахуулийн хэрэгт холбогдож, өдгөө АНУ-ын Пенсильвани мужид цагаачлан амьдарч байгаа юм.

Элчин сайдыг хөнөөсөн аллагын цаана Гюлений хөдөлгөөн байж болох магадлалын талаар хариу хүсэхэд АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Жон Керби “Би мэдэхгүй. Мөн энэ хэргийн цаад зорилго юу байсныг та мэдэж байгаа гэж бодохгүй байна” хэмээн хариулсан гэнэ. Мөн тэрбээр “Бид мөрдөн байцаагчдаар ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Нотлох баримтаар батлагдаагүй байхад бид түрүүлж дүгнэлт хийх нь тохиромжгүй” хэмээсэн байна. Түүнчлэн АНУ-ыг энэ халдлагад ямар нэг байдлаар дэмжиж оролцсон, шууд бусаар оролцсон гэсэн агуулга бүхий зүйл ярих нь хэтэрхий инээдтэй хэрэг гэжээ.

Сануулахад, орон нутгийн цагаар даваа гаригийн орой Туркийн нийслэл Анкара хотод болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг буудаж хөнөөсөн билээ. Түүнийг есөн удаа буудаж, шархдуулсан бөгөөд нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч удалгүй шархаа даалгүй нас баржээ. Амь үрэгдсэн Элчин сайдаас гадна гурван хүн гэмтсэн байна. Гэмт этгээд нь 22 настай, Туркийн цагдаагийн офицер Мевлут Мерт Атлинтас гэгч байсан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.