Судлаачид “омикрон”-ы талаарх судалгаанаас юуг эрэлхийлж байна вэ?


АНУ-ын “Bloomberg” агентлагийн сэтгүүлчид Жонс Хопкинсын “Блумберг” Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Крис Бейрертэй “омикрон” хувилбар, вакцины нэмэлт тунгийн үйлчлэл, иргэдийг вакцинд заавал хамруулах шийдвэрийн үр нөлөөний талаар ярилцсаныг та бүхэнд хүргэж байна. -“Омикрон” хувилбар Өмнөд Африкт илэрсэн талаарх мэдээллийг анх сонсоод та бүхэн хэрхэн хүлээн авсан бэ? -Мэдээж бид маш их санаа зовнисон. Учир нь “омикрон” хувилбар Гаутенг муж, Йоханнесбург, Преториа хот зэрэг “дельта” хувилбарын томоохон давлагаанд саяхан нэрвэгдсэн бүсүүдэд тархаж байна. Эдгээр газруудад 7-9 дүгээр сард “дельта” хувилбарын улмаас өвчлөл эрс нэмэгдсэн. Уг дэгдэлтийн үеэр насанд хүрсэн олон хүн “COVID-19”-өөр халдварласан. Гэтэл одоо вирус маш хурдацтай тархаж байна. Энэ нь мэргэжилтнүүдийг ихэд түгшээж байгаа юм. -Шинэ хувилбарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрээр мэдээлж, олон нийт ч ихээхэн анхаарал хандуулж байна. Үүнд шинжлэх ухаанчаар, ул суурьтай хандах хэрэгтэй. Та урьд нь вирусийг саармагжуулах эсрэг биетийн судалгаа, тэр дундаа дархлааны хариу урвалын талаар дурдаж байсан. Лабораторид яг юу болж байгааг бидэнд тайлбарлаж өгч болох уу? -Тэгэхээр бид одоо коронавирусээр халдварлаад эдгэрэн дархлаа тогтсон хүмүүсийн бие дэх саармагжуулах эсрэг биетүүд “омикрон” хувилбарыг саармагжуулах эсэх, вакцины хамгаалалтын түвшин ямар байгааг судлахад голчлон анхаарч байна. Дархлааны хариу урвал буурах магадлал өндөр байгаа. Иймд хариу урвалыг хамгаалах боломжтой түвшинд нь эргүүлэн хүргэхийн тулд нэмэлт тунд хамрагдахын ач холбогдлын талаарх мэдээллийг түгээж байна. Иймээс л бид нэмэлт тунд хамрагдах боломжтой Америкийн иргэн бүрд ийм зөвлөмжийг өгч байгаа юм. Миний хувьд үүнийг хамгийн ухаалаг алхам гэж бодож байгаа. -Доктор Бейрер. “Омикрон” хувилбар илрэхээс өмнө нэмэлт тунг хэн хийлгэх хэрэгтэй, дархлааг өдөөх нь хэр ач холбогдолтой эсэх талаар санал зөрөлдөөн их байсан. Харин одоо энэ нь үндсэн арга хэмжээнүүдийн нэг болоод байна. Халдварын шинэ давлагаанаас сэргийлэхэд өмнөхтэй харьцуулахад шинжлэх ухааны талаас хэр өөрчлөлт гараад байна вэ? -Миний бодлоор урьд нь шинжлэх ухааны нэгдсэн шийдэл байгаагүй, харин одоо харьцангуй хүчтэй болоод байна. Юун түрүүнд өөрчлөгдсөн хүчин зүйлийг нэрлэвэл вирус дархлаа сайтай хүн амын дунд тархаж байгаа явдал юм. Энэ нь ч мэргэжилтнүүдийг ихэд түгшээж байна. Өмнөд Африкийн хувьд матрицын РНХ-д суурилсан вакцин хэрэглэж байгаа. Гэсэн хэдий ч энэ вирус тархаж байна. Харин сайн мэдээ гэвэл, бидний одоогоор танилцаад буй Өмнөд Африкаас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс эмнэлэгт хүргэгдэх тохиолдол цөөн байна. Гэхдээ халдвар тархаж эхлээд цөөхөн хоногийн нүүр үзэж байгаа учраас үргэлжлүүлэн судлах хэрэгтэй. Сүүлийн жил хагасын хугацаан дахь халдварын нөхцөл байдлаас харахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүндээр өвчлөх тохиолдлын тоо хувилбарууд тархаж эхэлснээс хожуу мэдэгдэж байсан. Гэхдээ вакцины хувьд хамгаалах төлөвтэй байгаа тул нэмэлт тунг тариулах нь зөв арга зам юм. -Европын олон орон иргэддээ вакцинд заавал хамрагдах шаардлагыг тавьж байгаа нь вакцинууд хүндээр өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх төлөвтэй байгаатай холбоотой байх. Германы Канцлер Ангела Меркелийн хувьд вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоохоо мэдэгдээд байгаа бол олон орон торгууль ногдуулна гэдгээ зарлаад байна. Ийм шийдвэр нь иргэдийн вакциныг эсэргүүцэх үзэл санааг улам нэмэгдүүлэх үү, эсвэл илүү олон хүнийг дархлаажуулалтад хамрагдахад түлхэц болох болов уу? Үүнийг та шинжлэх ухааны үүднээс хэрхэн харж байна вэ? -Иргэдэд вакцинд заавал хамрагдах шаардлага тавих нь үр дүнтэй гэдэг нь ерөнхийдөө тодорхой байна. Хүмүүсийн хувьд хэрхэн хүлээн авах нь өөрсдөөс нь шалтгаалах байх. АНУ-д вакцинд заавал хамрагдах журам 1985 оноос хойш буюу Массачусетст салхин цэцгийн тархалт гарснаас хойш хэрэгжсэнийг бид мэднэ. Тиймээс ийм шийдвэр нь маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.