Хилийн боомтод нэмэлт тандах баг гаргав


ДЭМБ-аас коронавирусний "омикрон" хувилбарыг бүртгэснээс хойш манай улс хилийн боомтуудад нэмэлт тандах баг гаргаж 10 шугамаар хил нэвтэрч байгаа иргэдээс түргэвчилсэн болон ПСР шинжилгээг авч байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэв. Тэрээр өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд коронавируст халдвар, дэлхийд шинээр илэрсэн омикрон хувилбарын талаарх нөхцөл мэдээллийг танилцуулсан байна. Мэдээллийн үеэр тэрбээр, "Шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан манай улсад мөрдөх хариу арга хэмжээ, эмчилгээний журам хэвээр үйлчилнэ. Хилийн боомтуудад нэмэлтээр гаргасан тандах баг түргэвчилсэн шинжилгээгээр халдвар илэрсэн иргэнийг тусгаарлаж ПСР шинжилгээгээр баталгаажуулна" гэв. Өнөөдрийн байдлаар, энэ сарын 28-наас хойш 1040 хүн Чингис хаан нисэх буудалд хил нэвтэрсэн бөгөөд хоёр сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн хоёр иргэнийг ХӨСҮТ-д авчирч ПСР шинжилгээ авахад, нэг иргэнээс дельта хувилбар илэрсэн байна. Харин нөгөө иргэний шинжилгээг үгүйсгэжээ. ДЭМБ-аас анхаарал татахуйц хувилбараар бүртгэсэн "омикрон" нь өнөөдрийн байдлаар дэлхийн 18 улсад бүртгэгдээд байна. Тодруулбал, Африкийн улс орнуудаас гадна Израил, Бельги улсад бүртгэгдсэн бол бусад улс орнуудад зөөвөрлөгджээ. Тухайн улс орнууд шинэ хувилбар илэрсэн улс орноос ирэх гадаад иргэн хүлээн авахгүй байх, өөрийн иргэдээ хил нэвтэрмэгц 10-14 хоног тусгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж. Ингэхдээ, хоёр удаагийн ПСР шинжилгээ авч байгаа юм байна. Үүнтэй зэрэгцээд улс орнууд вакцины нэмэлт тунг идэвхжүүлж эхэлсэн. Тухайлбал, АНУ, Их Британи улсад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг 40-өөс дээш насныханд тарьж байсан бол 18 болгох шийдвэр гаргажээ. Мөн хоёрдугаар тунгаас нэмэлт тунг тарих хоорондын зайг гурван сар болгон зарласан байна. Коронавирусний омикрон хувилбар нь бусад мутаци хувилбаруудтай эмчилгээний хувьд ижилхэн. Илэрч байгаа шинж тэмдэг нь хөнгөн байгаа тухай мэдээллийг Африкийн эмчилгээ хийж буй эмч нар цахим орчинд гаргажээ. Ингэхдээ, толгой өвдөх ч үнэрлэх, амтлах чадвараа алдахгүй, хүчил төрөгчийн дутагдалд орох хэмжээний хүндрэл гарахгүй байгааг тэмдэглэсэн байна. Манай улс наймдугаар сарын 16-наас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины нэмэлт тун хийх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ, цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, 50-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж байсан. Тэгвэл 10 дугаар сард нэмэлт тун тарих журмыг шинэчилж 18-40 насныхан хамрагдах боломжийг нээж, 74 их дээд сургуульд явуулын баг ажиллуулах болсон гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.