79 багийн дарга сонгогдон ажиллаж байна


Ховд аймагт өнгөрсөн сард “сумдын багийн Засаг дарга сонгох сонгууль” болж, 79 багийн Засаг даргыг сонгосон байна. Үүний 44 нь энэ жил шинээр сонгогдсон бол 35 багийн Засаг дарга улиран сонгогджээ. Тодруулбал, Ховд сумын Дунд ус багийн Засаг дарга С.Солтаншарав хамгийн олон буюу зургаа дахь удаагаа сонгогдож, 21 дэх жилдээ багийн даргаар ажиллаж байна. Мөн Буянт сумын Наранхайрхан, Мянгад сумын Баянбулаг гэсэн хоёр багийн Засаг дарга тав дахь удаагаа сонгогдсон аж. Харин гурав болон дөрөв дэх удаагаа сонгогдсон багийн Засаг дарга тус бүр гурав байгаа. Мөн хоёр дахь удаагаа сонгогдсон 25 хүн өдгөө багийн даргаар ажиллаж буй. Үүнтэй холбогдуулан багийн Засаг даргын үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага солилцох, засаг захиргааны анхан шатны нэгж болох багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Багийн Засаг дарга нараа чадваржуулах сургалт, зөвлөгөөн”-ийг энэ онд анх удаа зохион байгууллаа. Аймгийн ЗДТГ, Статистикийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-III болон BEST төсөл хамтран зохион байгуулсан тус сургалтад 16 сумын 76 багийн Засаг дарга оролцов. Энэ үeэр орон нутгийг хөгжүүлэх бодлогын бичиг, төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйн асуудал, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн өөрчлөлт, төсвийн шинэчлэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл албаныхан мэдээлэл хийв. Мөн аймаг орон нутгийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, зарим ажлын талаар зөвлөлдөв. Ховд аймаг нь 17 сум, 91 багтай.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.