А.Меркель мөрийн хөтөлбөр болохуйц үг хэллээ Засгийн газрын мэдээ


Германы канцлер Ангела Меркель дөрөв дэх удаагаа сонгуульд өрсөлдөхөө зарлахдаа “Герман улс хэзээ ч ийм сайн нөхцөлд байгаагүй” хэмээн онцолжээ. Улмаар нээлттэй байдал, чөлөөт худалдааны төлөө тэмцэж, популизмыг сөрөхөө амалсан юм.

Хатагтай Меркель тус улс тусгаарлах үзлийг эсэргүүцэх хэрэгтэй гээд АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Номхон далайн түншлэлээс татгалзаж байгааг шүүмжилсэн юм. Тэрбээр парламентад хэлсэн үгэндээ цагаачлал, даяарчлал болон терроризмээс эмээх үзэгдлийг даван туулах асуудлыг хөндсөн байна. Канцлер “Бид үүний төлөө хамтдаа зогсох ёстой. Олон талт харилцаа, даяарчлалыг бүтээхийн төлөө бусад улс хамтрах ёстой ба би үүний төлөө тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн. Энэ нь сонгуулийн өмнөх уриа мэт сонсогдсоныг ажиглагчид тэмдэглэж байна.

АНУ-ын сонгуульд ноён Трамп ялсны дараа хатагтай Меркель Британийг Брексит рүү түлхэж, Европын орнуудад газар авч буй популизмын эсрэг либерал үзлийн гол төлөөлөгч болж байгаа юм.

Түүний үг нь ирэх онд болох сонгуульд консерватив эвслийг ялалтад хөтлөх зорилго агуулсан байна.

Германд дүрвэгсдийн асуудал нийгмийг туйлшруулж, цагаачлалын эсрэг байр суурьтай Германы альтернатив нам дээшилж байгаа үед түүнийг дэмжигчдийн тоо цөөрч буй. Гэвч Меркель хилийг хааснаар ард иргэдийн аюулгүй байдал дээрдэхгүй хэмээн Германы альтернатив намыг эрс эсэргүүцлээ. Тэрбээр “Тусгаарласнаас нээлттэй байдал нь илүү аюулгүй” гэж мэдэгджээ. Түүнчлэн канцлер сонгогчдод хандан, түргэн өөрчлөгдөж буй ертөнцөд түгшүүр нэмэгдэж байгаа ч эдийн засаг дээд түвшиндээ өсөж байгааг онцлов.

Хатагтай Меркель бундестагт хэлсэн үгэндээ “Германчууд өмнө нь хэзээ ч ийм сайн түвшинд байгаагүйг би хэлэх ёстой” гэв. Тэрбээр Трампыг шууд нэрлээгүй боловч АНУ Номхон далайн түншлэлээс гарч байгаад харамслаа илэрхийлсэн юм. А.Меркель "Энэ нь АНУ ба Европын холбооны хоорондын Атлантыг дамнасан чөлөөт худалдааны гэрээнд мөн сөрөг нөлөөтэй"-г тэмдэглэв. Канцлер цааш нь “Шударгаар хэлэхэд, Номхон далайн түншлэл хэрэгжих боломжгүй болсонд сэтгэл дундуур байна. Үүнээс хэн ашиг хүртэхийг мэдэхгүй. Гэхдээ ганц зүйл тодорхой байгаа нь түүний оронд өөр гэрээнүүд байгуулагдана. Тэр нь Номхон далай ба Атлантыг дамнасан хэлэлцээрүүдээс өөр стандарттай байх нь гарцаагүй” хэмээв.

Меркель АНУ болон Трампын зүгээс Европын орнууд батлан хамгаалахад бага мөнгө хандивлаж байгааг хүлээн зөвшөөрөөд уг зардлыг нэмэхээ амлажээ. Bild сонин канцлерийн үгийг “Сонгуулийн тулалдааны өмнөх анхны байлдаан” гэж нэрлэсэн бөгөөд канцлер Facebook, Twitter, YouTube зэрэг нийгмийн сүлжээгээр үзэн ядсан үг яриа түгээхийн эсрэг тэмцэхээ хэлсэн байна. Германы эрх баригчид нийгмийн сүлжээ ашиглагчдын зүгээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан постууд тавихыг хянаж, 24 цагийн дотор арилгахыг сайтуудад даалгасан аж. Хэрэв үр дүнд хүрэхгүй бол Шүүх яам хуулийн шинэ арга хэмжээ төлөвлөжээ.

Канцлер “Үзэн ядсан үг яриа, коммент гэх мэт хүний нэр төрд харш зүйлийн эсрэг хүчин чармайлтыг дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн. Мөн ирэх сонгуулийн талаар ярихдаа Христийн ардчилсан намыг тэргүүлж оролцохоо нотолсон байна. Улмаар сурталчилгаанд хуурамч сайт, блог хаяг ашиглан улстөрчдөд санаандгүй цохилт өгч байгааг шүүмжлэв. Тэрбээр “Нийгмийн санаа бодлыг төлөвшүүлэх арга 25 жилийнхээс өөр болсон. Бид үүнтэй зохицож сурах ёстой” гэсэн юм.

Германы канцлер Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэвлэлийн эрх чөлөөг хаан боож буйг шүүмжилсэн авч Анкаратай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцолсон байна. Ялангуяа цагаачлалын асуудлаар Европын холбоо ба Турк хоёр хамтрахын чухлыг тодотгожээ.

Стефан Вагстил

Эх сур:news.gogo.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.