ДНБ-ний нэг хувийг ойн салбарт зарцуулна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор БОАЖЯ-наас зохион байгуулж буй Ойн салбарын Үндэсний чуулган өнөөдөр 3 дахь өдрөө “Цөлжилт, газрын доройтол” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилж байна. “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт” сэдвээр болсон өчигдрийн салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, 1990-ээд оноос хойш орхигдож ирсэн ойн салбарыг анхаарч Ойн хөгжлийн агентлаг байгуулахаар төлөвлөж байгааг дуулгалаа. Манай улс ДНБ-ний нэг хувийг байгаль орчин, ойн салбарт зарцуулж байхаар төлөвлөжээ. “Ирэх 10 жилд бид нэг тэрбум мод тарих Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүмүүстэй нэг бүрчлэн ярьж байж хөтөлбөр болгон гаргаж ирнэ. Ингэж байж бид Монгол орны байгалийн ямар бүс бүслүүр нутагт, ямар тарьц суулгаж мод тарьж ургуулах юм гэсэн нарийн төлөвлөгөөг гаргаж ажиллана. Энэ талаар Засгийн газрын өргөтгөсөн, бие даасан хуралдааныг хийж, Үндэсний хороог тусгайлан хуралдуулна” гэдгийг мэдээллээ. “Өнөөдөр нэг хүн нэг хүрз, хувин бариад мод тарина гээд нүх ухаад явдаг цаг өнөөдөр өнгөрч байна” гэдгээр БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлийн газрын дарга Ц.Уранчимэг ойн салбарт механикжуулалтыг зайлшгүй хийж, дэвшилтэт технологи, техник нэвтрүүлж ашиглах шаардлага бий болж, цаг нь болсныг илэрхийлж байв. Ийм саналууд чуулганы салбар хуралдааны үеэр гарч, ХАА-д шинэ техник, технологи оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй байгааг хэлж байв. Монгол орны ойн үрийн генийн санг хадгалах ёстой Салбар хуралдаан дээр МУИС-ийн багш, дэд профессор С.Гэрэлбаатар хэлэхдээ, “Модлог ургамлын үржүүлэгт үрийн генетик нөөц хангалтгүй тохиолдолд вегататив үржүүлгийн аргыг мод үржүүлэгт ашиглах боломжтой” гэж байсан бол ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ойн нөөц, ой хамгааллын хэлтсийн дарга, доктор Б.Удвал, “Ойн үрийн аж, ахуй, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх нь чухал байна. Ингэхдээ үрээ хаанаас авахаа тодорхойлох шаардлагатай. Монгол орны ойн үрийн генийн санг хадгалах ёстой” гэв. МУИС-ийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор Н.Баатарбилэг, “Ойн салбарын хүний нөөц, мэргэжилтэй боловсон хүчнийг богино хугацаанд системтэй бэлтгэх шаардлагатай” гэв. БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд жилд 100 гаруй сая мод тарих шаардлага үүснэ гэж тооцвол, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, уул уурхайн томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд тарьц суулгац бэлтгэн нийлүүлэх талаар ярьж байна” гэв. Ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэн, ААН-д мөнгө урамшуулал олгох хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хүлээн авч, экосистемийн тулгуур хүчин зүйл болсон ойн нөөцийн талаарх бодлогыг цоо шинээр авч үзэж буйг БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2024 онд 8.6 хувьд хүргэж, мод тарьж ургуулан ногоон хөгжилд хувь нэмрээ оруулсан иргэд, ААН-д мөнгөн урамшуулал олгох эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Дээрх зорилтыг хангахад дараах арга хэмжээг авч үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: нэгдүгээрт, зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрхзүйн орчинг бүрдүүлэх аж. Хоёрдугаарт, ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд шавж хорхоотой тэмцэж, энэ төрлийн үйл ажиллагаа явуулж ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж, хомсдол, доройтлыг бууруулж, ойн төлөв байдлыг тогтмол үнэлнэ. Гуравдугаарт, Ойн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянах тогтолцоог сайжруулж, ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлнэ. Дөрөвдүгээрт, цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын зурвас байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж. Гэрэл зургуудыг Т.Чимгээ
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.