Энэтхэгийн ITEC-ийн хөтөлбөрт 3000 гаруй монгол хүн хамрагджээ


Энэтхэгийн ЭСЯ-наас Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагаа (ITEC)-ийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн 57 жилийн ойг өчигдөр тэмдэглэлээ. Элчин сайд М.П.Сингх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Энэтхэг улс Ковидын эсрэг вакцинжуулалт 1 тэрбумыг давж гайхалтай амжилтад хүрсэн тухай мэдээг хуваалцав. Тэрбээр Энэтхэг улс шинжлэх ухаан, математик, одон орон, инновацын салбарт өөрийн мэдлэгээ бусадтай үргэлж хуваалцаж, дэлхий нийтийг "Васудхайва Кутумбакам, өөрөөр хэлбэл "нэг том гэр бүл" гэж хүлээн зөвшөөрөх хамтын ёс суртахууны дор "хөгжлийн хамтын ажиллагаа"-г олон жилийн турш эрэлхийлсээр ирснийг онцлон тэмдэглэв. ITEC хөтөлбөр нь 1964 онд хэрэгжиж эхэлснээс хойш сүүлийн 50 жилийн хугацаанд 200 мянга гаруй мэргэжилтэнд үр өгөөжөө өгч чадавхийг нь бэхжүүлэх хамгийн үр дүнтэй хөтөлбөрүүдийн нэг хэвээр байгаа юм. Энэтхэгийн Засгийн газар жил бүр Монгол зэрэг 160 түнш орны оюутнуудад 14 мянга гаруй тэтгэлэгт хөтөлбөрийг Энэтхэгийн шилдэг 100 гаруй институтын 400 орчим мэргэжлийн сургалтад олгодог. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд 3000 гаруй монголчууд ITEC хөтөлбөрийн үр шимийг хүртэж байгаа бөгөөд жагсаалтад УИХ, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, аймгийн Засаг дарга нар болон дэд сайдын түвшний хэд хэдэн өндөр албан тушаалтнууд багтсан байна. Сүүлийн 3 жилд Монгол Улсад төрийн нарийн бичгийн дарга 12, ОБЕГ-ын 18 алба хаагч, Зэвсэгт хүчний 25 алба хаагч, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ тэргүүтэй 18 Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй тусгай бүлгийн сургалтуудыг зохион байгуулжээ. Тусгай сургалтад ГХЯ-ны 25, Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн 35 албан хаагч хамрагдсан байна. Элчин сайд М.П.Сингх, Энэтхэг улсын оюун санааны хөрш Монгол Улстай тасралтгүй ойр дотно түншилж, “Хөгжлийн дипломат бодлого”-ын хүрээнд Энэтхэг улс Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр 1 тэрбум 236 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслөөр Монгол Улсыг шатахууны хувьд бие даасан улс болоход хэрхэн тусалж байгаа талаар танилцуулав. Энэтхэг, Монгол хоёр зөвхөн эдийн засгийн салбарт төдийгүй мэдээллийн технологи, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, сансар судлал, боловсрол, кибер аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч болон бусад олон салбарт хамтран ажиллаж байна. Мөн тэрбээр ITEC-ийн нийт төгсөгчдийг Энэтхэг, Монголын харилцааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, хүчирхэг холбоос болохыг уриалав. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ITEC-ийн төгсөгч Г.Дамдинням, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар олон жилийн түүх, соёл иргэншлийн хамтын өв уламжлал, хөгжлийн хүчтэй хамтын ажиллагаатай холбоотой гэдгийг онцлон тэмдэглээд Энэтхэгийн Засгийн газарт вакцинжуулалтын түвшнээрээ 1 тэрбумын босгыг давсанд баяр хүргэв. УИХ-ын гишүүн Г, Дамдинням, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон бусад ITEC-ийн төгсөгчид Энэтхэгт суралцсан туршлагаасаа хуваалцаж, Энэтхэгийн шилдэг байгууллагуудаас олж авсан мэдлэг нь Монгол Улсын хөгжил дэвшилд хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар ярилцлаа. Мөн МҮИС-ийн төгсөгчид морин хуур, үндэсний хөөмий, ардын бүжиг, ITEC-ийн иогийн төгсөгчид Монгол бүжгийн үзүүлбэр үзүүлж сонирхуулав. Түүнчлэн ITEC-ийн төгсөгч Э.Соёмбо хинди дууг дуулж, Нийслэлийн Хүүхдийн ордны сурагчид Болливудын бүжгийг толилуулсан юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.