“Барилгын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажлын арга технологи” сургалт болов


Семаатерр-II төслийн хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд “Барилгын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажлын арга технологи” сэдвээр сумдын шийдвэр гаргагч нарт онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын дээвэр, шал, суурийн дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажил эхлэн, гүйцэтгэгчээр орон нутгийн барилгын компани болох "Газрын гагнаас" ХХК ажиллаж байгаа. Цэцэрлэгийн барилгын засварын дулаалгын ажлыг хийж байгаа энэ үед Архангай аймгийн цэвдгийн бүсийн Өндөр-Улаан, Цахир, Хангай, Тариат мөн хүн ам ихтэй төвийн сумд болох Цэнхэр, Эрдэнэ-Булган гэсэн 6 сумдын шийдвэр гаргагч нар, сумдын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад газар дээр нь сургалт зохион байгуулж, барилгын дулаалгын материал, технологи, барилгын суурийн дулаалгын ажил хэрхэн технологийн дагуу явагдаж байгааг үзүүлж таниулжээ. Сургалтын эхэнд төслийн менежер Б.Оюунтуяа төслийн ерөнхий мэдээлэл, төслийн суурь судалгааны танилцуулгыг хүргэж, төслийн зөвлөх, эрчим хүчний аудитор Ж.Ганхуяг төслийн хүрээнд гүйцэтгэсэн Архангай аймгийн 6 сумын олон нийтийн барилгын эрчим хүчний гэрчилгээг танилцууллаа. Өндөр-Улаан суманд болсон энэхүү сургалтад Архангай аймгийн засаг даргын орлогч, төслийн ажлын хэсгийн ахлагч В.Мөнхбат оролцож, сургалтад оролцсон сумдын шийдвэр гаргагчид, сургууль цэцэрлэгийн удирдлагууд орон нутгийнхаа олон нийтийн барилгуудад тулгарч буй барилгын дулаан алдагдал, эрчим хүчний асуудлаар харилцан ярилцаж санал бодлоо хуваалцжээ. Мөн барилгын эрчим хүчний хэмнэлтийг бий болгох арга замууд, түүний гүйцэтгэлийн үе шатуудад ямар ямар зүйлсийг анхаарах хэрэгтэй байдаг, барилгын зурагт буй нийтлэг дутагдал, цаашид зурагтай танилцахад анхаарах зүйлс, барилгын хаших хийц, дээврийн хучилт, шал, суурийн дулааны алдагдлын талаарх ерөнхий ойлголт, тэдгээрийн дулаалгын технологи зэргийн талаар онол дээр суурилсан мэдээллүүдийг төслийн зүгээс сургалтад оролцогчдод хүргэжээ. Төслийн багийн зүгээс сургалтад оролцогчдоос төслийн цаашдын үйл ажиллагаанд санал авах, хэрхэн хамтран ажиллах тал дээр мөн нээлттэй хэлэлцсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.