Суманд ажилладаг онцгой байдлынханд таван жил тутамд 30 сарын цалин авахаар боллоо


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. Хуулийн төсөлд, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор зохицуулжээ. Хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 20-ны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тус байнгын хороо төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир төсөвтэй холбоотой, ялангуяа цалин урамшуулалтай холбоотой асуудлыг Засгийн газраас өргөн мэдүүлэх нь зарчмын хувьд нийцнэ гэдгийг тодотгов. Үүнд Засгийн газрын агентлаг болох Онцгой байдлын ерөнхий газар санаачилгатай ажиллахыг санууллаа. Цар тахлын үед ачаалалтай ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжмээр байгаа ч төсвийн жилээс гадуур урамшуулал байж болохгүй гэсэн хуулийн зарчмаа дагахаас аргагүйг хэлж байв. Харин Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, "Засгийн газраас өргөн бариагүй шалтгааныг мэдэхгүй юм. Гишүүд хуульд заасан эрхийнхээ хүрээнд санаачилж УИХ-д өргөн барьсан. ОБЕГ нь нийслэл болон 21 аймагт салбар нэгжтэй, 918 албан хаагчтай. Суманд тасралтгүй нэг жил ажилласан 253, хоёр жил ажилласан 224, гурван жил ажилласан 97, дөрвөн жил ажилласан 87, тав ба түүнээс дээш жил ажилласан 261 албан хаагч байгаа юм. Хуулийн төслийг анх 2022 оноос хэрэгжихээр санал оруулсан. Гэхдээ 2022 оны төсөв хэлэлцэж байгаа тул 2023 оноос хэрэгжүүлэх саналыг Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн.Тиймээс 2023 онд эхний ээлжинд 5.6 тэрбум, цаашид жил бүр 2.3 тэрбум төгрөг шаардлагатай болно" хэмээн хариулав. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, алслагдсан гурван дүүргийн албан хаагчдыг хуульд хамруулах боломж байгаа эсэхийг тодрууллаа. Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Засгийн газраас цаашид судалгаа хийж, цогцоор нь асуудлыг шийдэх, ингэхдээ алслагдсан гурван дүүргийн алба хаагчдыг хамруулах тухай хэлэлцэх шаардлагатайг онцлов. Ийнхүү хэлэлцээд, төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.