Улаанбаатар хотын дулааны тав дахь эх үүсвэрийн ТЭЗҮ-г боловсруулж байна


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийн тав дахь эх үүсвэрийг Дулааны III цахилгаан станцын дэд бүтцэд түшиглэн барих төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав. Монгол Улс, ОХУ-ын төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох Интер РАО-Экспорт компани, Монгол Улсын “ДЦС-3” ТӨХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хоёр талын хийх ажлын эзлэхүүнийг тохиролцжээ. Интер РАО-Экспорт компани төслийн ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан Монголын талд ирүүлэхээр тохирсон байна. ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн талаарх асуудлыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахаар төлөвлөж байна. Дулааны III цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн гол эх үүсвэрийн нэг бөгөөд хотын дулааны шугам сүлжээний хамгийн оновчтой байршилтай ч станцын үндсэн тоноглолын хуучирч, ашиглах хугацаа дууссан, эрсдэлтэй нөхцөлд байгаа юм. Засгийн газрын хуралдааны товч мэдээ: - “Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа. - ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Сверчук энэ сарын 21, 22-нд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монголын талын баримтлах удирдамжийг баталлаа. - “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн баригдах нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулав. Төслийн бүтээн байгуулалтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, богино хугацаанд олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. - Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлаар жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгав.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.