Барилгын материалын үнэ нэмэгдсэнээр боловсрол, соёл, спортын салбарт хэрэгжих төслүүд удааширчээ


УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын багийн хуралдаан өнөөдөр болж, тус ажлын багийн тайланг сонсов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэйгээр тус ажлын багийг байгуулсан юм. Тайланг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав. Тус ажлын баг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Биеийн тамир, спортын улсын хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын албаны хүмүүстэй цахимаар хуралдаж, мэдээлэл авсан. Уг ажлын хүрээнд Концессын гэрээгээр нийслэлийн Баянгол дүүргийн 10, 28 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 8, 21 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 7, 8, 12 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо болон Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор” төсөл, арга хэмжээний явцтай танилцаж, зарим төслүүдийн үлдэгдэл санхүүжилтийг 2022 оны төсөвт тусгуулан шийдвэрлүүлэхээр Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгсөн. Мөн Чингис хаан музей, Үндэсний номын сан, Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцаж, ажлыг түргэн шуурхай гүйцэтгэж ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон. Түүнчлэн ажлын багийн гишүүд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг байлцуулан барилгын материал үйлдвэрлэгчидтэй цахим уулзалт зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон байна. Тус ажлын багаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан шалгаж, дараах санал, дүгнэлт гаргасан байна. 1. Дэлхийн зах зээлийн барилгын материалын түүхий эдийн үнийн өсөлт, тэдгээрийн нийлүүлэлтийн хомсдол болон тээвэрлэлтийн асуудалд хүндрэл үүссэнээс шалтгаалж, боловсрол, соёл, спортын салбарт хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ удааширч өнөөдрийн байдлаар 25.5-37.0 хувийн гүйцэтгэлтэй байна. 2. Гол нэр төрлийн 12 барилгын материал, үүнд хөөсөнцөр, арматурын нийлүүлэлт, тээвэрлэлтийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан хомсдол үүссэн. 3. Барилгын материалын үнэ дунджаар 45 хувиар нэмэгдсэнээс шалтгаалж, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг нэмэгдүүлэх нөхцөл үүссэн. 4. Олон жил үргэлжилж буй он дамжсан төсөл, арга хэмжээний өртөг нэмэгдэж, эдийн засаг, нийгмийн үр ашиг буурч байна. 5. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Байнгын хорооны тогтоолын төсөлд тусган боловсруулж, Ажлын багаас Байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Б.Жаргалмаа, Ж.Батжаргал, Л.Энх-Амгалан нар Ажлын баг, дэд багаас орон нутаг дахь төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, арга хэмжээний талаар асуулт асууж, тодруулга авав. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир нар худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулах эрх зүйн зохицуулалтад “хамгийн хямд” гэсэн утга бүхий заалтыг хасаж, тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ нь чанаргүй худалдан авалт, он дамжсан төсөл, арга хэмжээ болох үндэслэл болж байна гэсэн тайлбар хийв. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тухайн төсөл, худалдан авах ажиллагаанд хяналт, хариуцлагын асуудлыг тодорхой болгох санал хэлсэн. Ийнхүү гишүүдээс гаргасан горимын саналыг УИХ-ын тухай хуулийн 25.6 дахь хэсэг, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, холбогдох байгууллагын ажилтай танилцсан ажлын багийн санал, дүгнэлтэд үндэслэн УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан тогтоолын төсөлд тусгахаар тогтлоо.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.