Х.Нямбаатар: Үнийн дүн ихтэй хэргийг шийдвэрлэх дагнасан Арилжааны шүүхтэй болно


Үүрэн телефоны оператор, хэрэглэгчийн хооронд үүссэн 20 мянган төгрөгийн маргааныг гурван шатны шүүх хэлэлцээд 4.6 сая төгрөгийн зардал гаргасан жишээ байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар илтгэлдээ тэмдэглэв. Төрийн ордонд өнөөдөр болж буй Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын чуулганы үеэр тэрээр "Эрх зүйн шинэтгэл: Шударга ёсыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ" сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр, "Засгийн газраас хууль зүйн салбарт хийх реформын хамгийн гол хэсэг нь хувийн эрх зүйн салбарын эрх зүйн шинэчлэл юм. Энэ хүрээнд процессын хууль буюу хэрэг хянан шийдвэрлэх хууль, түүнийг дагасан зарим хуулиудад өөрчлөлт хийх шаардлага байна. Тухайлбал, бага үнийн дүнтэй хэргийг шийдвэрлэхэд, анхан шатны шүүхийн ажлын ачааллын 35 хувийг эзэлж байна. Бага үнийн дүн гэдэг нь 10 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй хэргийг хамааруулж байгаа юм. Хамгийн удаан шийдэгдсэн хэрэг 16.6 жил болсон байна. Өөрөөр хэлбэл, маргааныг шийдэхгүй удсаар бизнесийн байгууллагын эдийн засагт эрсдэл учруулдаг. Тиймээс бага үнийн дүнтэй хэргийг шүүхийн хүнд проессгүй, шууд алх цохиод шийддэг хялбаршуулсан зохицуулалт хийдэг болох ёстой. Мөн шүүхийн бус замаар эвлэрүүлэн зуучилдаг байх эрх зүйн шинэчлэл хийхээр хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлдэж байна" хэмээв. Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад шүүхэд хэрэг, маргаан шийдвэрлэхэд хүндрэлтэй, улс төрийн нөлөө ихтэй гэж шүүмжилдэг байна. Тиймээс том үнийн дүнтэй хэргийг шийдвэрлэх дагнасан Арилжааны танхимын шүүхтэй болгохоор процесс, материаллаг эрх зүйн зохицуулалтын орчин бүрдүүлэхээр бэлтгэл хангаад буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцоллоо. Өөрөөр хэлбэл, бага үнийн дүнтэй хэргийг тусад нь шийддэг, их үнийн дүнтэй хэргийг Арилжааны шүүхэд шийддэг, ингэхдээ болж өгвөл шүүхээс өмнө эвлэрүүлэн зуучлалаар хялбаршуулж шийддэг байх тогтолцооны шинэчлэл хийхээр хуулийн төслүүдийг боловсруулж байгаа аж. Өөр нэгэн жишээ дурдахад, Баян-Өлгий аймагт хоёр иргэн хоосон гурван хүнсний шилэн хорго булаалдаж, гурван шатны шүүхээр орсон бөгөөд шүүхийн зардал дөрвөн сая төгрөг болжээ. Ийм бага үнийн дүнтэй асуудалд шүүхээс их зардал гаргаж, ачаалал нэмж байгаа нь буруу тогтолцоо гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэмдэглэж байв. Тэрбээр, "Энэ чуулганы хүрээнд шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын ажлын уялдаа, холбоог сайжруулахын зэрэгцээ тэдгээр байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход ямар асуудал байгааг тал талаас нь дүгнэж, улмаар УИХ-д хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах зөвлөмж гаргахад чиглэж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн эрх зүйн салбарыг шинэчлэх асуудал тусгагдсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийнхээ эрх зүйн орчныг тодорхой болгоход чиглэх юм. 2002 оноос хойш Иргэний хуулийг дагасан хуулиудад өөрчлөлт хийгээгүй. Бизнес эрхлэгчдийн өөр хооронд шударга тохиролцоо алдагдсан тохиолдолд шүүх хэрэг маргааныг шийдэх хугацаа, үе шатыг хялбаршуулах зорилт тавьж байгаа" хэмээлээ. Мөн Төлбөрийн чадваргүйтлийн эрх зүйн орчныг сайжруулахгүй бол өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар аж ахуйн нэгжүүд дампуурч байгааг тодотгов. Төлбөрийн чадваргүйтлийн хуулийн үндсэн зарчим нь бизнесийн байгууллагыг эрсдэл багатай, дампууралгүйгээр хэрэг маргааны үеийг давах, хэрхэн хөрөнгөжүүлэх, төлбөр авагчийн эрсдэлийг багасгах агуулгатай байх ёстойг тэмдэглэв. Энэ хүрээнд Дэлхийн банк, ОУВС зэрэг бусад байгууллагаас удаа дараа зөвлөмж ирсэн байна. Тиймээс хувийн эрх зүйн салбарын гол хуулиудад өөрчлөлт хийхээр төлөвлөж байгааг дурдлаа. Тухайлбал, Газрын багц хууль, Арилжааны тухай хууль, Төлбөрийн чадваргүйтлийн тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа юм байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.