С.Чимис: ОХУ-д багшлах, Монголд багшлах хоёрт ялгаа байдаггүй


Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан Увс аймгийн Улаангом сумын Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн орос хэлний багш Сергей Чимистэй ярилцлаа. Сонирхуулахад түүний шавь М.Марал-Од энэ жилийн ЭЕШ-аар 800 оноо авч, улмаар ОХУ-ын Томск хотод дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан юм. Ингээд С.Чимис багштай хийсэн сонирхолтой ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе. -ОХУ-ын Тува улсын иргэн Увс аймагт ирж ажиллаж, амьдарч байгаа нь сонирхол татаж байна л даа. Ингэхэд нууц биш бол энэ талаар ярьж болох уу? -Би 1999 онд Тувагийн их сургуульд элсэн суралцсан бөгөөд тухайн үедээ Монгол залуутай танилцаж үерхэх болсон. 2004 онд их сургуулиа төгсөөд 2 жил хойно орос хэлний багшаар ажилласан. Тэгээд 2006 онд нөхрийгөө дагаж Монголд ирээд Улаанбаатар хотод 2 жил ажилласан. Улмаар 2008 онд Увс аймагт ирж Цогцолбор 2-р сургуульд орос хэлний багшаар орж, өдийг хүртэл сайхан хамт олны дунд ажиллаж байна. Монголд ирж ажиллахад надад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй. Миний хувьд хүүхдүүдтэй ажиллах маш их дуртай. ОХУ-д багшлах, Монголд багшлах хоёрт нэг их ялгаа байдаггүй юм шиг санагдсан. -Гэр бүлийнхнээ танилцуулна уу? Монголд ажиллаж, амьдрахаар явахад ар гэрийнхэн тань дургүйцсэн үү? -Миний ханийг Ядамсүрэнгийн Намхай гэдэг. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д ажилладаг. Бид хоёр охинтой, дөрвүүлээ амьдардаг. Нөхрийгөө дагаж Монголд ажиллаж, амьдрахаар явах болоход ар гэрийнхэн маань мэдээж дургүйцсэн. Тэглээ гээд намайг хорьж дийлээгүй. Энд ирээд олон жил боллоо. Өнгөрсөн хугацаанд нутаг руугаа буцах юмсан, би хүний газар ах дүүсээсээ хол ганцаараа яваа шүү гэсэн бодол надад төрж, эргэлзэж байсан удаагүй ээ. Сайн ханийн дэргэд, сайхан хамт олны дунд өдий хүрсэн болохоор тэр байх даа. -Энэ жил таны бэлдсэн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтаар 800 оноо авсан нь маш их бахархалтай байлаа. Энэ тухайд? -Монголд ажилласан 14 жилийн хугацаанд олон арван шавь бэлдсэн. Энэ жилийн хувьд орос хэлний ЭЕШ-д хоёр шавь маань оролцоод Мөнхсаруулын Марал-Од 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 800 оноо авсан. Нөгөө шавь Г.Энхцэцэг маань 98 хувийн гүйцэтгэлтэй шалгалтаа өгсөн. Эдгээр хүүхдүүдийг би 7 дугаар ангиас нь хойш бэлдсэн. Өнгөрсөн хугацаанд шавь нар маань аймаг, бүсийн нэрэмжит олимпиад тэмцээнд олон амжилт үзүүлсэн. М.Марал-Од маань баруун бүсийн Орос хэлний олимпиадад түрүүлж байсан. Энэ жилийн ЭЕШ-аар өндөр оноо авсан хоёр шавь маань ОХУ-ын Томск хотод үнэ төлбөргүй дөрвөн жил суралцах тэтгэлгийн эзэд болцгоосон. Өнгөрсөн хугацаанд нийтдээ миний зургаан шавь ОХУ-д үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хамрагдсан байгаа. Үүнээс хоёр нь хойно сурч байгаа бол хоёр нь орон нутагтаа цахимаар хичээлдээ хамрагдаад явж байна. Энэ жил явах хоёр шавь маань удахгүй хойшоо явна. -Увс аймгийн хүүхдүүд орос хэлийг хэр сонирхож, судлаж байна вэ? -Орос хэл сурах сонирхолтой хүүхдүүд бага байдаг. Ахлах ангиудад орос хэл ордоггүй. Үндсэндээ 7, 8, 9 дүгээр ангид долоо хоногт 2 цагийн хичээл орж байна. Цаг бага учраас тэгдэг юм уу, ямартай ч хүүхдүүд орос хэлний хичээлд сонирхол муутай байдаг. Ер нь бол, орос хэл сурчихвал миний ирээдүйд хэрэгтэй гэж боддог хүүхдүүд л энэ хичээлийг сонгож, хичээж суралцдаг. Хүүхдүүд гадаад хэлнээс англи хэлийг л илүүтэй сонирхож байна. Аравдугаар ангиас дээшээ орос хэлний хичээл ордоггүй учраас сонирхсон хүүхдэд хувиараа хичээл заах шаардлага тулгардаг. Тийм болохоор орос хэлний хичээлээр хүүхдүүд амжилт гаргах нь тун ховор болсон. Бас дээр нь аймгийн орос хэлний хичээлийн олимпиад зөвхөн 9, 12 дугаар ангийнхны дунд болдог. Есдүгээр ангид орос хэлний хичээл ордог болохоор олимпиадад бэлдэхэд арай гайгүй. Гэтэл 12 дугаар ангид ордоггүй болохоор багш, сурагч хоёр хувиараа бэлдэхээс өөр аргагүй. Хэрвээ шавь нь олимпиадад дээгүүр байр эзлэчихвэл бэлдсэн багшийнх нь цалин урамшуулал нэмэгдэх тул багш цаг заваа зохицуулаад хувиараа хичээл заахаас өөр гарцгүй. Миний хувьд Увс аймгийн багш нарын орос хэлний олимпиадад 2017 онд 3 дугаар байр, 2018 онд 1 дүгээр байр эзлэж байсан. Аймгийн хэмжээнд зохиогддог орос хэлний олимпиад, уралдаан тэмцээнүүдэд шавь нар маань тогтмол амжилттай оролцдогт бахархаж явдаг. Энэ дашрамд Улаангом сумын Улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн хамт олондоо багш нарын баярын мэнд хүргэе. Та бүхэндээ маш их хайртай шүү гэдгээ хэлэх байна. -Танд баярлалаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.