“Итгэл өгөгч” дасгалжуулагч


 Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 125 кгд анхны дэлхийн медальтнаа өлгийдөн авлаа. Мөнхтөрийн Лхагвагэрэл гэгч залуу түүхийг бүтээж дэлхийгээс хүрэл медаль авчихлаа. Бахархаад ханашгүй. Тэр хоёр жилийн өмнөөс л дэлхий, олимпийн медальтан болох гээд дуншаад байсан нь энэ өдөр байж. Түүнд бололцоо олгож дэлхийн тамирчин болгох бат суурийг тавьж өгсөн, олон удаагийн уналтад дахин дахин боломж олгосоор ирсэн хүн нь мэдээж шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга юм.


2017 онд залуучуудын насны хоёр хүүг зарим хүмүүст адлуулан байж авч ирсэн нь М. Лхагвагэрэл, өчигдөр шүүлтийн алдаанаас болж дэлхийн аварга болох зам нь “хазайсан” ОУХМ Т.Тулга нар. Тэр тэдэнд ийм боломж бий учраас өдий хүртэл зүтгэж. Баярлалаа танд. Б.Баттулга дасгалжуулагчийн тухай бахархам амжилт шил шилээ даран үргэлжлэх. Даанч өөрөө даруухан хүн юм. Түүний амжилтууд өнөөдрийг хүртэл олимп, дэлхийн олон арван медальтанг төрүүлсэн гавьяатгүй, гавьяатан. Түүний амжилтуудаас уншигч та бүхэнд цухас дурьдаж сонирхуулвал : Тэрээр дасгалжуулагч болох гараагаа УБИС-ийн БТДС-ийг бөхийн багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөнөөр эхэлсэн.


 Мэдээж өөрөө чөлөөт бөхийн суурьтай эрхэм. 2002-2003 онд АНУ-ын Life University сургуульд өндөр зэрэгтэй тамирчин бэлтгэх дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж 2004 онд Итали улсын Ром хотноо Олон улсын дасгалжуулагчийн зэрэг авсан байдаг. Ажлын гараагаа 1993 онд бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73-р сургуульд бөхийн багшаар эхэлсэн бөгөөд 1997 онд чөлөөт бөхийн “Арслан” клубыг үүсгэн байгуулж өнөөдөр хүртэл клубын захирал, дасгалжуулагчаар ажиллаж байна. Мөн 2000-2002 онд УБИС-ийн БТДС-д бөхийн багшаар ажилласан бөгөөд 2009-2011 онд Тайвань улсын Үндэсний шигшээ багт зөвлөх дасгалжуулагчийн ажил эрхэлсэн. 2017 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. 1998-2021 оны хооронд насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн Дэлхийн АШТ-д 18 удаа шавь нараа дасгалжуулан, Зуны олимпийн наадамд 2004, 2008, 2021 онд Монголын багийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагчаар оролцож байв.


 Бэлтгэсэн баг тамирчдын хувьд насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн Улсын АШТ-д багаараа 6 удаа түрүүлж, 5 удаа 2-р байр, 3 удаа 3-р байр эзэлж байсан. Клубын шавь тамирчдын дундаас Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, Э.Ням-Очир, Олон улсын хэмжээний мастер цолтон 18, спортын мастер цолтон 32-ыг тус тус төрүүлэн гаргасан. Клубийнхээ Э.Ням-Очир, Ж.Чулуунбат, Ц.Магалжав, Т.Энхтуяа, Д.Баясгалан, Т.Энх-Амгалан, У.Баярхүү, Д.Эрдэнэтулга, Т.Тулга, М.Лхагвагэрэл, З.Занабазар, Ц.Гантөгс, Б.Батжаргал, З.Сумьяабазар, Б.Баярсайхан, сүмоч Шёотэнро Д.Нямсүрэн, үндэсний бөхийн улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Т.Энхтуяа, Ж.Чулуунбат, Б.Батжаргал нарын олон шавийг спортын амжилтад хөтөлсөн. Клубын тамирчдын дундаас Б.Наранбаатар ДАШТ-ээс 2005 онд хүрэл, 2007 онд мөнгө, Э.Ням-Очир 2014 онд хүрэл медаль хүртэж, Б.Наранбаатар, Ж.Чулуунбат, Т.Энхтуяа, Э.Ням-Очир, Т.Тулга, М.Лхагвагэрэл нар олимп дэлхийн АШТ-ий шагналт байрт шалгарч явсан. Түүний хувьд Клубын гадаад харилцааг өргөжүүлэн 2003-2008 оны хооронд жил бүр нэг, нийтдээ долоон өсвөр тамирчныг АНУ руу бөхийн программтай сургуульд явуулсан бөгөөд Б.Мянганбаяр NCAA-гийн 3 удаагийн аварга болж, Б.Мөнхбаатар, Л.Төртогтох нар All American-ы шилдэг 10-т шалгарч байлаа. Б. Баттулга дасгалжуулагч 2017 оноос Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж, 2017-2021 оны хооронд болсон олимп дэлхийн түвшний тэмцээнүүдэд өндөр амжилтыг үзүүлсэн. Б.Болортуяа Токио-2020 олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 53 кг-ийн жинд хүрэл медаль, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд П.Орхон алт, Э.Бэхбаяр хүрэл, 2018 онд О.Насанбурмаа мөнгө, Б.Шоовдор, Т.Түвшинтулга нар хүрэл, 2019 онд Б.Болортуяа, Б.Шоовдор, С.Батцэцэг нар хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дэлхийд IV-VII байранд таван удаа шалгараад байна.


Түүнчлэн шилдэг багуудын Дэлхийн цомын тэмцээнд баг тамирчдаа зургаан удаа удирдан оролцохдоо 2017, 2018 онд III байрт шалгарч хүрэл медаль хүртсэн. Ийнхүү Б.Баттулгын шавь нар, дасгалжуулж удирдсан тамирчид нь Олимпийн наадмын нэг хүрэл, ДАШТ-ий болон Дэлхийн цомын тэмцээний нэг алт, хоёр мөнгө, 11 хүрэл медаль хүртээд байгаа юм. 2017-2021 оны хооронд Б.Баттулгын удирдсан ҮШБ-ийн бөхчүүд Азийн АШТ-ээс зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд 6 алт, 18 мөнгө, 24 хүрэл медалийг эх орондоо авчирсны дээр 2021 онд Монгол Улсын спортын түүхэнд анх удаа багаараа Ази тивийн аварга цол хүртэж, Алтан цомоор шагнуулав. Мөн Үндэсний шигшээ багийн сургалт дасгалжуулалт, сэргэлтийн бэлтгэл, гадаад харилцаанд олон шинэлэг ажлыг нэвтрүүлж, сэтгэлзүйн бэлтгэлийг өндөр түвшинд хүргэж чадсан эрхэм. Токио-2020 олимпийн наадамд түүний удирдлага дор 9 тамирчин олимпийн эрх биелүүлж оролцсон (түүний дотор эмэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээр) бөгөөд 53 кг-ийн жинд Б.Болортуяа хүрэл медаль хүртэж, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул, С.Батцэцэг, М.Лхагвагэрэл нар хүрэл медалийн төлөө шалгаран өрсөлдөж, бусад бөхчүүд шагналт байр эзэлснээр сүүлийн 40 жилд гараагүй амжилтад хүрсэн билээ.


Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, олон улсын хэмжээний мастер Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар Б.Баттулгын удирдлага дор хамтдаа таван жил ажиллаж, дээрх амжилтыг гаргахад мөн хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн энэ хугацаанд түүний удирдсан шигшээ баг тамирчдаас 26 тамирчин олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байр эзэлж явсан эь бахархам түүх билээ. Цаашлаад дэлхийн цомоос 2002 онд Спокэйнд болсон тэмцээнд Б.Наранбаатар хүрэл , 2017 он Чебоксарыд зохион байгуулагдсан тэмцээнд Эмэгтэй баг хүрэл, 2018 он Такасакид болсон цомоос Эмэгтэй баг хүрэл медаль хүртэж байв. Мөн Азийн наадмаас. 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл, Шар тивийн 13 алт, 27 мөнгө, 37 хүрэл, оюутны универсиад наадмын аварга, оюутны дэлхийн хошой алтан медальтан гээд дэлхийн томчудын амжилтад тэр олон жил хамтдаа зүтгэж Монголын чөлөөт бөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяагүй, гавьяатан юм. Б.Баттулга дасгалжуулагчийн 28 жилийн турш үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж, олимп дэлхийн медальтай олон арван шилдэг цолтон бөхчүүд бэлтгэсэн их үйл нь улам дардан байх болтугай. Дэлхийгээс бид дахиад медаль “ горьдож” сууна. Та чадна аа….


twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.