"Төв Азийн Түүх, Соёлын голомт" аялал жуулчлалын цогцолборын шавыг тавив


Өлзийт сумын Харганын Дөрвөлжингийн Хүннүгийн хааны зуны ордны туурь дээр Орхон-Тамир, Хануй-Хүнүйн дурсгалыг түшиглэн байгуулах "Төв Азийн Түүх, Соёлын голомт" соёлын аялал жуулчлалын цогцолбор төслийн нээлт, мэдээллийн төв байгуулах барилгын шавыг энэ сарын 26-нд тавьжээ. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Төрийн Байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Эрдэмтэн Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир, Соёлын Яамны Соёлын Өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал, Өлзийт сумын засаг дарга Г.Баттулга, Батцэнгэл сумын Засаг дарга Ц.Зоригтхүү нар оролцсон байна. Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, археологич, доктор, дэд профессор Т.Идэрхангай өөрийн цахим хуудаснаа: "Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн судалгааны баг Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин хэмээх газарт Хүннүгийн нийслэл Луут хотыг илрүүлэн малтан судалж байна" гэсэн мэдээллийг 2020 оны 7-р сарын 17-ны өдөр олон нийтэд анх зарлаж, маргааш нь буюу 2020 оны 7-р сарын 18-ны өдөр Синьхуа агентлаг бидний тус мэдээллийг англи, орос, хятад хэлээр цацахад дэлхийн 20 орчим улс түүнээс иш татан дэлхий дахинаа хүргэсэн байдаг. Тус мөчөөс хойш энэ хотын тухай мэдээ Монголын төдийгүй дэлхийн олон олон эрдэмтэн судлаачид, сонирхогчдын сонорыг мялааж, түүнийгээ дагаад маш их хүлээлтийг үүсгэж байгааг нуух юун. Бид ч чадахын хэрээр Улаанбаатарын Их Сургуулийнхаа санхүүжилтээр оюутны дадлагаараа 2 жил малтлага болон тандалт судалгааны ажлыг гүйцэтгэж, Монголын түүхэнд тодорч амжаагүй байсан олон шинэ зүйлсийг ч тодруулан нээгээд байна. Түүнчлэн анх малтан судалсан цагаас Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд газар дээр нь очиж үзэж танилцан, түүний дараагаар МУ-ын Ерөнхий сайд асан, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгааны багийн хамт олныг тухайн үед хүлээн авч уулзахдаа "Би ер нь Ноён уулаа ч үзээгүй хүн Монголынхоо түүхэн дурсгалт газруудтай танилцдаг хэрэг ээ" хэмээн бидний өмнө тухайн үеийн БСШУС-ын Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатад "Чи энэ ажлыг зохион байгуулаач би 9-р сарын 15-ны үеэр нэг тойрч, энэ Луут хотыг үзье" хэмээн хэлж, хэлсэн ёсоороо 2020 оны 9 сарын 12-13 хооронд Орхон, Тамир, Хануй, Хүнүй голын сав газар дахь Монголын төрт улсуудын нийслэл хотууд болон түүхийн томоохон цогцолбор дурсгалуудтай танилцаж байсан билээ. Мөн энэ үед сум, аймгийн удирдлагууд ч ихэд анхаарч, орон нутгийн болон аймгийн хамгаалалтад авах бичиг баримтуудыг яаралтай шийдвэрлэн БШУ-ны яаманд хүргүүлж, улмаар 2021 оны 06 сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн Газрын тогтоол гарч, Харганын Дөрвөлжингийн Хүннүгийн Хааны ордныг Улсын Тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ мэтчилэн Харганын Дөрвөлжингийн Хүннүгийн хааны ордон буюу Монголын Тулгар төрийн гал голомт болох энэ түүхэн дурсгалт газрын эргэн тойронд түүхэн маш чухал ажлууд сүүлийн нэг жил илүү хугацаанд өрнөсөн байна. Олон ч түүхэн үйл явдлуудын эхлэл энэ дурсгалт газраас тавигдаж байна" гэжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.