Дэлхийгээс медаль зүүсэн малчин залуу


Дэлхийн АШТ-д анх удаа оролцсон, анх удаа гадаад орны виз авч, анх удаа онгоцонд сууж үзсэн гээд олон тодотгол Нямхүүгийн Тогтохбаярынх. Тэрээр байлдааны самбо бөхөөр УАШТ-д гурван удаа түрүүлсэн, Улаан-Үдийн тэмцээнээс өөрөөр гадаадад барилдаж үзээгүй байлаа. Спорт самбоор ч УАШТ-ий хүрэл медаль зүүж байсан гэнэ.

26 настай тэрээр “Сэлэнгийн Шаамар сумынх, амь зуулгын хэдэн малтай, малчин хүн. Сая хадлангаа авч дуусаад нэг сар гаруй бэлтгэл хийгээд ирсэн. Явах боломж урьд өмнө нь гардагг  үй байлаа, энэ жил нэг үзье гэж бодсоор байгаад ирлээ. Визний мөнгөө ч олж чадахгүйдээ тулаад больдог юм уу гэтэл ах нар, багш нар загнаж “Чи ямар авьяастайгаа мэдэхгүй байна. Очоод түрүүлээд ирээрэй” гэж загнасан. Тэгээд ах дүү нар, багш нар, нутаг орныхон маань тусалж дэмжсэний хүчинд ирлээ” гэж байна. Сэлэнгэ аймаг ер нь байлдааны самбо бөхөөр өөрийн школтой газар юм, дэлхийн аварга С.Орхонбаатар болон Л.Зандан багшийн үргэлжлэл гэж хэлэх. София-2016 ДАШТ-д байлдааны самбо бөхийн 68 кг-д өрсөлдсөн тамирчин Б.Ариунболд ч Сэлэнгийнх.

Н.Тогтохбаяр “Дулаан цагт Сэлэнгэ мөрнийг завиар гарч, мөс хөлдөхөөр мориор ирж бэлтгэлээ хийдэг. Машинаар явбал жаахан тойруу. Гэрийнхээ гадна өөрөө хийсэн “мешоктой”, элс шороог ямааны хорголтой хольж шуудайлсан. Тэмцээний өмнө тэрийгээ бас цохиж бэлтгэл хийдэг. Адуу малтай ноцолдоно, хөдөөний хүний ажил ч тасрахгүй ээ, бас морь уях сонирхолтой” гэж өгүүлэв.

Сарын өмнө тэдний гэр бүл хоёрдахь охиноо хүлээн авч, гэргий нь ядруу биетэй үлдсэн аж. “Дүү маань тэдэнд туслаад бараа болж байгаа. Сая бэлтгэл сургуулилт, бас зардал мөнгө хайгаад гэртээ очиж амжилгүй нааш ирсэн. Цас ороод, хүйтэн байгаа гэхээр санаа зовох л юм. Том охиноо их санаж байна, бага маань нялх болохоор арай гайгүй” гэх.

Тогтохбаяр үг цөөтэй, хааяа нэг дуугарна. Таван тулаан хийж ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангачихаад л сая нэг дуугарч “Итгэж чадахгүй байна аа. Дэлхийн медальтай боллоо” гэж билээ. Гэхдээ ах нарынхаа захиснаар алтан медаль хүртэж чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа хэлсэн. Юутай ч ийнхүү медаль зүүснээр айсуй он жилүүдэд спортын талбарт үргэлжлүүлэн өрсөлдөх итгэлээ олсон биз ээ.

“СПОРТЫН ШУУДАН” СОНИНООС

Эх сур:news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.