АНУ дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулахыг улс орнуудын удирдагчдад уриалжээ


АНУ дэлхийн хүн амын 70 хувийг ирэх оны есдүгээр сар гэхэд коронавирусний вакцинд хамруулах үүрэг амлалт өгөхийг улс орнуудад уриалаад, ядуу буурай орнуудад 500 сая тун вакцин нэмж хандивлахаа амлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр болсон “COVID-19”-ийн асуудлаарх цахим дээд хэмжээний уулзалтын үеэр ийнхүү мэдэгджээ. Ингэснээр Америкаас бусад улс орнуудад хандивлах вакцины хэмжээ 1.1 тэрбум тун давна. “Өнөө цагт нүүрлээд буй хямралыг даван туулахын тулд бүх талын хүчин чармайлт хэрэгтэй байна” гэж Ж.Байден цахим уулзалтын эхэнд тэмдэглээд, "COVID-19"-ийн вакцин хандивлах “дорвитой” амлалт өгөхийг өндөр орлоготой орнуудад уриалсан байна. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, АНУ дээд хэмжээний уулзалтад оролцогчдоос бүх улсын хүн амын хамгийн багадаа 70 хувийг аюулгүй, үр дүнтэй вакцинаар бүрэн дархлаажуулах ДЭМБ-ын дэвшүүлсэн зорилгыг дэмжихийг уриалжээ. Мөн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ дээд хэмжээний уулзалтын үеэр 30 сая тун вакцин нэмж хандивлахаа мэдэгдсэнээр тус улсын нийлүүлэх вакцины тунгийн тоо 60 саяд хүрсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд мягмар гарагт ЕА-н чуулганд үг хэлэх үеэрээ энэ оны эцэс гэхэд дэлхий дахиныг хоёр тэрбум тун вакцинаар хангах амлалтаа батлан мэдэгдсэн юм. Шинжээчдийн үзэж буйгаар, БНХАУ вакцины дипломат ажиллагаагаар дамжуулан хөгжиж буй орнуудад нөлөөгөө бэхжүүлж байгаа бол Ж.Байдены засаг захиргааны төлөөлөгчид АНУ вакциныг “үнэ төлбөргүй, ямар нэгэн нөхцөлгүйгээр” нийлүүлж байгааг онцолж байна. Ж.Байдены мэдэгдсэнээр, цаашид хандивлах 500 сая тун вакциныг Америкийн “Pfizer” компаниас худалдан авах бөгөөд ирэх оны энэ үеэр нийлүүлж дуусна. Засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээлснээр, эдгээр вакциныг бага, бага-дунд орлоготой орнуудад хандивлах бөгөөд НҮБ-ын “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан нийлүүлнэ. “COVID-19”-ийн вакцины хуваарилалт тэгш бус байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр буй ДЭМБ-ын хувьд вакцин нэн шаардлагатай байгаа орнуудыг эн тэргүүнд тавьж, нэмэлт тунг тарих хугацаагаа энэ оны эцэс хүртэл хойшлуулахыг улс орнуудад уриалж байна. "Дэлхийн бага, бага-дунд орлоготой орнуудын иргэдийн ердөө 20 хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байгаа бол өндөр орлоготой орнуудад энэ үзүүлэлт 80 хувьтай байна” гэж ДЭМБ энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Тус байгууллагын мэдээлснээр, дэлхийн хэмжээнд 2.4 тэрбум хүн вакцинд бүрэн хамрагджээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт хүн амын тоо 7.8 тэрбум орчимд хүрээд байгааг АНУ-ын Тооллогын товчооны мэдээлэл харуулж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.