Монголын үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажил эхэллээ


Төв аймгийн Зуунмод суманд 18 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 100 хувь улсын төсвийн хөрөнгө оруулалттай Монголын Үндэсний археологи, палеонтологи, угсаатны музей, лабораторийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 7-р сарын 26-ны өдөр нээлттэй тендер зарлаж, тус барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Тэргүүн Чансаа” ХХК ажиллахаар болжээ. Энэхүү барилгыг 8200мкв талбайд барих бөгөөд Японы угсаатны зүйн музейн ерөнхий загварыг удирдлага болгож барилгын ажлаа эхлүүлж байгаа ба 2023 онд ашиглалтад орох юм. Энэ музей нь археологи ба угсаатны үзүүллэгийн 2 жигүүртэй бөгөөд барилгын нийт талбайн 50-иас илүү хувийг үзмэр, үзүүллэгийн танхимууд эзлэхээр төлөвлөжээ. Үзүүллэгийн талбайн археологийн жигүүрт 6 танхим, угсаатны жигүүрт 5 танхимд байнгын үзүүллэг дэглэх ба түр үзэсгэлэн зохион байгуулах том, жижиг 2 танхимтай байна. Соёлын яамны дэд сайд М. Батбаяр барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаанд үг хэлэхдээ: Археологийн хүрээлэнд өнөөдөр 8000 гаруй дэсийн 20000 гаруй үзмэр хадгалагддаг. Үзмэрийг олон нийтэд үзүүлэх байсан ч зориулалтын зай талбай байхгүй байна. Иймд энэхүү археологи, угсаатны зүйн музейн барилга ашиглалтад орсноор Зориулалтын лабораторид олдворуудын нарийвчилсан судалгаа шинжилгээг аюулгүй хийх боломж бүрдэж байна. Зориулалтын орчин бүрдүүлж байгаа учир иргэдэд бодитой, системтэй мэдлэг олгоно. Энэ цаг үед Төв аймгийн Зуунмод хот аялал жуулчлалын томоохон бүс нутаг болж байна. Иймд энэхүү музейн цогцолбор газар нь соёл урлагийн болон аялал жуулчлалын холбогч гүүр болно хэмээн харж байна Мөн Орон нутагт байгуулж буй үндэсний хэмжээний хамгийн том музей болж байгаа нь чухал онцлогтой байна гэлээ. Мөн тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдын нэг болох Чингис хаан музейн захирал, академич С. Чулуун хэлэхдээ 2013 оноос хойш нийт 7 Засгийн газарт тус барилгын асуудлыг дэвшүүлж, 2020 оны зардал төсөвт тус ажлын төсөв зардлыг суулгаж энэ өдөр барилгын ажлаа эхлүүлэх болсонд сэтгэгдэл өндөр байна. Энэхүү барилга ашиглалтад орсноор биет болон биет бус соёлын өвийг цогцоор нь хадгалах хамгаалах, иргэд олон нийтэд сурталчлах, таниулах, түүхэн олдворуудын насжилтыг зориулалтын орчинд судлах зэрэг маш олон давуу талтай хэмээн онцоллоо.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.