Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж эхэллээ


Цар тахлын үед аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байх үүднээс нийтийн тээврийн 200 гаруй шалгагч “Hi-Pay Wallet” аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж эхэллээ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу хүн олноор зорчдог автобусны буудлуудад “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар иргэдийн картыг газар дээр нь цэнэглэж байна. Улаанбаатар хотод автобусны “U money” карт цэнэглэх 1275 цэг бий. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдол багагүй ирдэг аж. Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт ажилладаггүй, орой эрт хаадаг, эсвэл пос машин эвдэрсэн зэргээр иргэдэд үйлчилдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчих нэг шалтгаан болж байна. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийслэлд гурван байгууллагын 450 орчим шалгагч бүртгэлтэй байдаг. Одоогоор “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нарыг дайчлан иргэдэд үйлчилж байна. Цаашид “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ гэх хоёр аж ахуй нэгжийн шалгагч нарыг ажиллуулан, автобусны карт цэнэглэж үйлчилнэ” хэмээв. “Сити Баз Консалтинг” ХХК-ийн ахлах шалгагч Д.Нямсүрэн “Шалгагч нар “Hi-Pay Wallet” апплкэйшнээр хоёр өдрийн турш автобусны карт цэнэглэлээ. Үүнд иргэд эерэг хандлагатай байна. Миний ажиллаж буй Офицероос Багшийн дээдийн буудал хүртэлх бүсэд 20 орчим шалгагч карт цэнэглэж байна. Цар тахлын үед эрсдэлээс хамгаалан, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй. Карт цэнэглэж буй шалгагч нарт хандах, карт цэнэглэх цэгээр дамжуулан “U money” картаа тогтмол цэнэглэх, “Hi-Pay Wallet” аппликэйшнийг хэрэглэж хэвшээрэй” хэмээн иргэдийг уриаллаа. Иргэд гар утсандаа “Hi-Pay Wallet” аппликэйшн суулган бүртгүүлээд, картаа цэнэглэх, үлдэгдлээ шалгах, хэзээ автобусанд сууж, буусан,хамгийн сүүлд картаа хэзээ цэнэглэснээ ч хянах боломжтой.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.