“Эх түүхээрээ аялахуй” өглөөний музей нээлт боллоо


Монголын Үндэсний музей өглөөний музейн үйл ажиллагаагаа “Эх түүхээрээ аялахуй” сэдвийн хүрээнд хийж, жил бүр цувралаар зохион байгуулахаар өнөөдөр 6.00 цагт эхлүүллээ. Тус музейн хосгүй, өвөрмөц үзмэр болох "Алтай ятга” болон археологийн малтлагаар Хориг уулнаас олж илрүүлсэн ваартай өрөм, шар тос, алтан эдлэл зэрэг ховор нандин олдворыг олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж байгаа аж. Нээлтийн үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас музейн хөгжлийг дэмжих, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг өсгөхөд чиглэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ оны эхээр анх удаа музейн хуультай болсон, Чингис хаан музей, Үндэсний археологи, угсаатны музей, Байгалийн түүхийн музей болон орон нутгийн 5 музейн барилга угсралтын ажил өрнөж байна, музейн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг нь хангах олон ажлууд хийж байгаа, цаашид ч эдгээр ажлууд үргэлжилнэ. Үүний гол зорилго бол хүн бүр музейгээс шинэ мэдлэг боловсрол, ур чадвар, амьдрах ухааныг олж авах, тийм боломжийг бүрдүүлнэ гэсэн үг юм. Соёлын яамны зүгээс музейн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нэр төрлийг олшруулах, шинэлэг агуулгаар баяжуулахад онцгой анхаарч, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Ялангуяа цар тахлын энэ амаргүй цаг үеийг даван туулахад хүмүүст урам зориг өгөх, сэтгэл санааг нь өргөх, шинэ мэдлэг түгээхэд чиглэсэн арга хэмжээг түлхүү зохион байгуулахаар зорьж байгаа юм. “Өглөөний музей” бол хүмүүсийн амьдралын хэв маягт шинэлэг өнгө төрх, дурсамжийг бий болгон, эх түүх, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэгч, хүн бүхний хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болж чадна гэж итгэж байна” хэмээв. Мөн энэ үеэр "Гамма" гэрэл зургийн агентлагтай хамтарсан Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан "Гэрлээр бичсэн нэгэн зуун" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Түүнчлэн монгол угсаатнуудын хувцасны танилцуулга үзүүлбэр, уламжлалт тоглоом наадгай боловсролын хөтөлбөр, тус музейгээс эрхлэн хэвлүүлсэн ном, каталоги, мэргэжил арга зүйн зөвлөмж, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлийн танилцуулга зэрэг олон талт соёлын ажиллагаа зохион байгуулагдлаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.