Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ


УИХ, Засгийн газрын гишүүд, МАН-ын удирдлагууд, иргэд Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Монголын төр засаг, цэрэг арми, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Түүхэн ой тэмдэглэхийн гол утга учир нь өнгөрсөн үеэ үл умартаж, өрнөх ирээдүйгээ бүтээхийн төлөө хичээнгүйлэн зүтгэхэд оршдог гэж боддог. Ю.Цэдэнбал нам, улсыг хагас зуун жил тэргүүлэхдээ улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэн хадгалж чадсан. Түүнчлэн эдийн засгийн тусгаар тогтнолын үндэс суурийг тавьж чадсан түүхэн гавьяатай улс төрийн зүтгэлтэн билээ. Ю.Цэдэнбал Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх талаар тууштай зүтгэж, 16 жил ухаалаг гадаад бодлого хэрэгжүүлсэн. Улмаар 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэж, тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх үе үеийн эх орончдын мөрөөдлийг биелүүлж чадсан түүхэн удирдагч юм. Тэрбээр, 1940 онд 24 настайдаа өнөөгийн МАН-ыг тэргүүлж, 1964 он хүртэл намын 9 удаагийн Их хурлын хугацаанд нам, төрийг удирдсан юм. Ю.Цэдэнбал 1966 онд намын программд Аж үйлдвэрийг боловсруулах хөтөлбөр тусгаж хөдөө аж ахуйд суурилсан эдийн засгаас аж үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болох том зорилт дэвшүүлж байсан билээ. 1940-1986 онд Монгол Улс аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээг 50 дахин, эрчим хүчний үйлдвэрлэлийг 244 дахин дахин өсгөж, өнөөгийн Эрдэнэт, Дархан зэрэг үйлдвэрийн хот байгуулж, экспортлогч улс болж чадсан. Ю.Цэдэнбал хүн ардаа соён гэгээрүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүх хүн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон, үр хүүхдээ үнэ төлбөргүй сургадаг, сургууль завсардлыг арилгасан дэлхийн улс орнуудын нэг болгож, ЮНЕСКО-гийн Тусгай шагналыг 1972 онд хүртсэн. Өнөө үеийн залуус бид ирээдүйд цэгнэгдэх түүхээ бүтээж байна. Улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд өмнөх үеийнхнээс дутахгүй үүрэг гүйцэтгэх хариуцлага бидний нуруун дээр байна” гэлээ. Харин “Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын Академи”-ийн Ерөнхийлөгч дэд Ерөнхийлөгч Т.Жаргалсайхан “Академи үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Ю.Цэдэнбалын улс орноо хөгжүүлэхэд байгуулсан гавьяа зүтгэл, ажил амьдралыг тусган харуулсан цуврал 10 боть ном, судалгааны чиглэлээр 58 ном, 70 өгүүлэл, 8 удаагийн эрдэм шинжилгээний хурал, цуврал баримтат кино зэрийг олны хүртээл болгосон. Цаашид үйл ажиллагаагаа эрчимжүүлэн Ю.Цэдэнбалын гэр музей байгуулж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой ажиллаж байна” гэв. Монгол Улсын төрийн тэргүүн, маршал Ю.Цэдэнбал 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан. Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын "Эрэл" дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. 2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.