Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням Саскачеван мужийн сайд нартай уулзав


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын Парламентын бүлгийн дарга, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням Канад Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Саскачеван мужийн Парламентын гишүүн, Дээд боловсролын сайд Жин Маковскитой уулзав. Уулзалтаар монголын багш, оюутнуудыг англи хэлний сургалтад хамруулах, хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, боловсролын салбарт хамтран ажиллах ерөнхий баримт бичиг байгуулж Их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих, Саскачеван мужид суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, 2+2 хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Дархан дахь ХААИС-н салбар сургуулийг Саскачеван мужийн Их дээд сургуулиудтай шууд холбох, Дархан-Уул аймаг болон тус мужийн хооронд хамтын ажиллагаа тогтоож төрийн албан хаагчдын давтан сургалтыг явуулах, орон нутгийн залууст орчин үеийн хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бизнесийн мэргэжил эзэмшүүлэх зэрэг өргөн хүрээтэй хамтын ажиллагааны талаар ярилцав. Саскачеван мужийн Парламентын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Дэвид Мариттай уулзахдаа цаг уур, газар нутгийн хувьд ижил төстэй энэхүү мужтай газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус мужийн эрчимжсэн мал аж ахуй, мал эмнэлэг, тариалалтын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх, Canadian Western Agribition, Canada’s Farm Show олон улсын үзэсгэлэнд манай тариаланч, фермерүүдийг оролцуулах, Саскачеваны Их сургуулийн дэргэдэх Мал, тэжээлийн судалгааны олон улсын төвтэй харилцаа холбоо тогтоох, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдийг харилцан солилцох талаар ярилцав. Саскачеван муж нь хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр улсдаа болон олон улсад тэргүүлдэг, Канадын тал хээрийн бүс нутагт оршдог, өвөлдөө -40 хэм, зундаа +40 хэм хүрдэг, 4 дүгээр сараас 9 дүгээр сарыг хүртэл дулаан улиралтай зэрэг манай улстай адил төстэй өгөгдөлтэй гэдгээрээ онцлог бөгөөд тус мужийн олон улсад тэргүүлж байгаа амжилтын үндэс нь шинжлэх ухаан, инновацыг бодлогын түвшинд дэмждэгээс эхлэлтэй юм. Саскачеван муж нь 2020 онд 16.9 тэрбум долларын үр тариа, мах экспортолсон байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.