Шинэ технологи боловсруулж, өвөрмөц санаачилга гаргасан иргэдтэй уулзав


Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр өчигдөр шинэ санал, санаачилга гаргаж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн, Монгол Улсын үндэсний зөвлөх, судлаач Г.Лхагвасүрэн “Цэвэр байгаль системчлэл” боловсруулснаа танилцуулж, нийслэлд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Тэрбээр, нийслэлийн 171 хорооны дэргэд Тохижилт, нийтийн аж ахуйн бичил төв байгуулах санаачилгаа танилцуулав. Ийм төвийг хороо бүрд байгуулснаар айл өрхөөс гарч буй хог хаягдлыг ангилан ялгаж, бага хэмжээний үйлдвэрлэл явуулж, цахилгаан эрчим хүч, дахин ашиглахуйц ус үйлдвэрлэх боломжтой. Хатуу хог, аюултай хаягдал, төмөрлөг гэж ангилснаар хог хаягдлын овор 10 дахин багасаж, 8937 хүний ажлын байр бий болно гэжээ. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар болон бусад холбогдох албаныхан оролцсон ажлын хэсэг байгуулан, иргэн Г.Лхагвасүрэнгийн санаачилгыг судалж, хог хаягдлын менежментийг боловсруулан дүгнэлт гаргаж, он дуусахаас өмнө Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар болов. Түүнчлэн, ХХ зууны Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Балдуугийн Шарав буюу Марзан Шаравын дурсгалд зориулсан цогцолбор барих газрын зөвшөөрөл хүсэж уулзсан хүн бол “Марзан Шарав хишигтэн” ТББ-ын тэргүүн Ч.Хишигчулуун байв. Түүний хувьд Марзан Шарав зураачийн алдар гавьяаг мөнхжүүлэх, олны дунд ам дамжин ирсэн буруу ташаа ойлголтыг залруулах хүсэлтээ илэрхийлжээ. Б.Шаравын онцлох таван бүтээл олонд танигдсан ч нийт 100 гаруй бүтээл туурвисан алдартан гэдгийг онцоллоо. Мөн кинонд гардагчлан тэнэмэл зураач бус, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, удам дамжсан нэрт уран бүтээлч талаас нь таниулах, хүмүүсийн мэддэггүй бүтээлүүдийг нь сурталчлах үүднээс цогцолбор байгуулахаар санаачилжээ. Түүний саналыг сонсож, хөшөө дурсгал барьж байгуулах болон газар олголтын талаар мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Мөн, Монголын бүтээмжийн төвийн дэд захирал Ц.Батбилэг уулзалтад оролцов. Тэрбээр танхимын болон цахим сургалтыг дэмжих смарт платформ бүтээж, хувийн хэвшлийн сургуульд хэрэгжүүлсэн туршлагаа танилцуулан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад түгээх хүсэлтэйгээ илэрхийллээ. Смарт платформыг “Эрин эверест интернэшнл” дунд сургуульд 2020 оны 10 дугаар сараас хэрэгжүүлжээ. Энэ платформ нь цахим бугуйвчийн тусламжтай багш, сурагчдын ирц бүртгэн, хүүхдийн биеийн халууныг хэмжин, 1.5-2 метрийн зай барьж буй эсэхийг ч хянаж, дуут дохио өгөх шинэлэг үйлчилгээтэйг онцлов. Ингэснээр багш нарын гэрийн даалгавар засахыг хөнгөвчилж, ирц бүртгэх, халуун хэмжих, халуун хэмжигч багаж төхөөрөмж авах зардлыг 80 хувь багасгажээ. Шинэлэг технологийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлэхэд хөрөнгө санхүү хангалттай биш гэдгийг нийслэлийн удирдах ажилтнууд тайлбарлаад, эхний ээлжид төрийн өмчит нэг сургуулийг сонгон нэвтрүүлж, үр дүнг судлахаар тогтов. НБГ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Мэдээлэл технологийн газрууд боломжит хувилбар, судалгааг хамтран гаргаж, үр дүнд хүргэх аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.