АНУ-ын хамгийн баян 10 ерөнхийлөгч


Ерөнхийлөгч болж улс орныг удирдах нь хүнд бөгөөд ихэнхдээ талархал хүлээдэггүй ажил байдаг. Гэхдээ Ерөнхийлөгч байх нь маш олон давуу талтай гэдэг нь маргаангүй юм. АНУ-ыг удирдаж байсан Ерөнхийлөгч нарын хөрөнгийн дундаж хэмжээ $62 сая ам. доллар гэж гарсан нь тус улсын иргэдийн хөрөнгийн дунджаас даруй 200 дахин их гэж гарсан талаар 24/7 Wall St сайтад бичжээ.

Тус сайт Америкийг удирдаж байсан эрхмүүдийн тус бүрийнх нь хөрөнгийн хэмжээг тооцоолж жагсаасан байна. Жагсаалтаас харахад Америкийн анхны Ерөнхийлөгчид Цагаан ордонд ороохоосоо өмнө газрын наймааны ачаар нэлээн хөрөнгө цуглуулж, харин сүүлийн хэдэн 10 жил улсыг удирдаж байсан Ерөнхийлөгчдийн хувьд ном гаргаж, олон нийтэд илтгэл тавих зэргээр хөрөнгөө улам арвижуулсан байх юм.  Ингээд та бүхэнд Америкийн хамгийн баян 10 ерөнхийлөгчийг танилцуулъя.

10. Америкийн 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон $55 сая ам. долларын хөрөнгөтэйгээр бичигджээ.

Улс төрд орохоосоо өмнө тэрээр амжилттай хуульч байсан. Гэсэн ч Билл Клинтон Цагаан ордноос гарсан хойноо л жинхэнэ хөрөнгөө цуглуулсан байна. Түүний "My Life" намтар ном л гэхэд 2,2 сая хувь борлогдсон гэж бодоход түүний олон уулзалт ярилцлага, лекц илтгэл дангаараа хэд хэдэн сая долларын ашгийг түүнд авчиржээ.

 9. $60 сая ам. долларын хөрөнгөтэйгээр АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт

Франклин Д. Рузвельт Цагаан ордонд 12 жилийн турш эзэн байснаараа Америкийн түүхэн дэх хамгийн удаан эрх барьсан Ерөнхийлөгч болсон. Тэрээр хөрөнгийнхөө ихэнхийг өвлөн авсан ба эхнэр Элеанортойгоо сууснаар чамгүй их хөрөнгө нэмсэн ч үеэл Теодорыгоо гүйцээгүй юм.

 8. Америкийн 31 дэх Ерөнхийлөгч Херберт Кларк Хүүвэр $75 сая ам. долларын хөрөнгөтэйгөөр наймд бичигдсэн байна.

Энэ жагсаалтын олонхтой адил Хуувэр хөрөнгө мөнгө өвлөж авч байсангүй. Тэрээр уурхайн инженер байсан бөгөөд уул уурхайн бизнес эрхэлж хөрөнгө хураасан ч түүний бизнес Их Хямралын давалгаанд өртөж хохирол амссан юм.

7. 36 дахь Ерөнхийлөгч Линдон Б. Жонсон $98 сая ам. долларын хөрөнгө цуглуулжээ.

Америкийн 35 дахь Ерөнхийлөгч Жон Ф. Кеннедигийн аймшигт аллагын дараа төрийн эрхийг авсан Жонсоны ядууралтай тэмцэх уриалга ард түмний сайшаалыг хүртсэн юм. Түүний хөрөнгө Техас муж дахь түүний маш том газар нутгаас олсон ашгаас бүрддэг.

6. Америкийн үндсэн хуулийн эцэг гэгддэг АНУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч Жеймс Мэдисон $101 сая ам. долларын хөрөнгө хуримтлуулсан байна.

Тэрээр хөрөнгийнхөө нилээдгүй хэсгийг ерөнхийлөгч болон нарийн бичгийн дарга албан тушаалтай байхдаа хураасан ч тэрээр жинхэнэ ашгаа Виржиния муж дах 1600 га тариалангийн талбайгаасаа олжээ.

5. АНУ-ын долоо дахь Ерөнхийлөгч Эндрю Жексон $119 сая ам. долларын хөрөнгө цуглуулснаараа жагсаалтын тавд бичигджээ.

Өөрийгөө популист хэмээн өргөмжилж Холбооны банкийг буулгаж байсан Жексон бодсоноос ч илүү их хөрөнгөтэй байсан ба түүний эзэмшлийн газрууд болон түүний цэргийн эрх мэдэл түүнд их ашиг олж өгчээ.

4.  26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузвельт $125 сая ам. долларын хөрөнгө хуримтлуулсан байна.

Рузвельт Нью-Йоркийн чинээлэг гэр бүлд төрсөн ч түүнд санхүүгийн бэрхшээл олон тохиолддог байв. Гэсэн хэдий ч амьдралынхаа туршид тэрээр 40 гаруй ном зохиол бичсэн нь түүнийн санхүүгийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн юм. Түүний хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө бол Лонг Айлэнд дах, Сагамор Хилл эдлэн газар юм.

3. Америкийн гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон $212 сая ам. долларын хөрөнгөтэйгөөр гуравт жагсчээ.

Сэргэн мандалтын үеийн төлөөлөгчдийн тод жишээ болсон Жефферсон хэд хэдэн амжилттай бизнес эрхэлдэг байв. Гэхдээ Америкийг үндэслэгч эцгүүдийн нэгэн адил тэрээр үл хөдлөх хөрөнгийн ачаар хөлжжээ. Түүний Виржиниа дахь Монтичелло одоог хүртэл дэлхийн архитектурын гайхамшиг хэмээн нэрлэгдэж байна.

2. АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон $525 сая ам. долларын хөрөнгө хурааснаараа хоёрт оржээ.

Вашингтоны энэ их хөрөнгийг ганцхан ГАЗАР гэдэг үгээр тодорхойлж болох. Вашингтоны гэр бүл Виржиниа мужийн хамгийн том газар эзэмшигч байсан ба тэдний Маунт Вернон дахь эдлэн 3300 гаруй га талбайг хамардаг байсан аж.

1. Америкийн түүхэн дэх хамгийн баян Ерөнхийлөгчөөр $1 тэрбум ам. долларын хөрөнгөтэйгээр 35 дахь ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди тодорчээ.

Жон Кеннедигийн аав Жо Кеннеди банк, хувьцаа, архи согтууруулах ундааны худалдаа, кино үйлдвэрлэл зэрэг хэд хэдэн бизнес амжилттай эрхэлснээр овоо их хөрөнгө цуглуулжээ. Жон Кеннеди харамсалтайгаар алуулж амьддаа гэр бүлийнхээ хөрөнгийг өвлөж амжаагүй ч ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа гэр бүлийнхээ хадгаламж болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн фонд руу нэвтрэх эрхтэй байсан юм.

Одоогийн эрх барьж байгаа Ерөнхийлөгч Барак Обама $7 сая ам. долларын хөрөнгийн хуримтлалаараа тус жагсаалтын 23т бичигдсэн байна. Тэрээр жилд $400 мянган ам. долларын ашиг олдог бөгөөд хөрөнгийнхөө ихэнхийг хоёр бестселлер номны ашгаасаа олжээ.

Хамгийн ядуу буюу $1 сая ам. долларын хөрөнгөтэй Ерөнхийлөгчдөөр Жеймс Бучанан, Авраам Линкольн, Эндрю Жонсон, Илиссис С. Грант, Жеймс Гарфильд, Честер А. Артур, Вүүдроу Уилсон, Кэлвин Куулиж, Харри С. Труман нар тодорчээ.

Харин Америкийн 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд ТрампЕрөнхийлөгчийн тангаргаа өргөж, Цагаан ордонд албан ёсоор заларсан цагт $3.7 тэрбум ам. долларын хөрөнгө нь түүнийг Америкийн хамгийн баян Ерөнхийлөгч хэмээх хүндтэй цолд хүргэх нь гарцаагүй. Тэрээр Цагаан ордноос цалин авахгүй, өөрийгөө болон гэр бүлээ авч явж чадах хөрөнгөтэй хүн гэдгээ нэг бус удаа зарлаад амжсан билээ.

Эх сур:news.gogo.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.