Токиогийн Паралимпын наадам албан ёсоор эхэллээ


Токиогийн Паралимпын наадмын нээлтийн ёслол өнөө орой боллоо. Японы нийслэл хотод “COVID-19” халдварын тохиолдлын тоо урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй олноор нэмэгдэх болоод буй “тун хүндхэн нөхцөл байдалд” энэхүү наадам эхэлж байна. Нээлтийн үйл ажиллага ёслолын буудлагаар эхэлж, уламжлал ёсоор тамирчдын жагсаал боллоо. Харин зөрчил үүсээд буй Афганистан болон “COVID-19” халдварын улмаас нээлтийн ёслолд оролцохоос татгалзсан Шинэ Зеландын тугийг сайн дурын ажилтнууд барин жагссан байна. Энэ удаагийн Паралимпын наадамд дэлхийн өнцөг булан бүрээс 4000 орчим тамирчин, 12 мянган төлөөлөгчид оролцох юм. Токиогийн хувьд энэхүү наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй анхны хот болж байна. Нийт 13 өдөр үргэлжлэх наадмын тэмцээнүүдийг танхимын үзэгчгүйгээр явуулах бөгөөд сургуулийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд үзэх төлөвтэй байна. “Хэрэв хүн бүхэн гарын авлага дээрх дүрэм журмыг дагаж мөрдөж, шинжилгээгээ өгч, тамирчид, төлөөлөгчид Токиод ирэхдээ 88-90 хувь нь вакцинд хамрагдсан байвал бид наадмыг аюулгүй зохион байгуулж чадна” гэж Олон улсын паралимпын хорооны /ОУПХ/ тэргүүн Эндрю Парсонс өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Гэвч Япон дахь халдварын болон эмнэлгийн нөхцөл байдал Олимпын наадам эхэлж байсан сарын өмнөх үетэй харьцуулахад нэлээд хүндрээд байна. Тухайлбал, Токиод өдөрт дунджаар халдварын 4700 орчим тохиолдол илрэх болжээ. Энэ үзүүлэлт долоодугаар сарын сүүлээр 1800 байсан юм. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдийн тоо 270 давсан нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Түүнчлэн эмнэлгүүдэд халдвар авсан 4000 гаруй өвчтөн хэвтэж байгаа бол 25 мянга орчим хүн гэртээ эмчлүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токио болон бусад мужуудад тогтоосон онцгой байдлын дэглэмийг ирэх есдүгээр сарын 12 хүртэл сунгах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. “Халдварын нөхцөл байдал ихээхэн хүндрээд байгаа бөгөөд орон нутгийн эмнэлгүүдийн ачаалал хэтрээд байна. Паралимп тун хүнд нөхцөл байдалд зохион байгуулагдах гэж байна” хэмээн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч Хидэмаса Накамүра ярьжээ. Олимпын наадмын үеэр гадаадын тамирчдаас илүү Японы сайн дурынхан, гэрээт ажилтнууд болон арын албаны бусад ажилтнуудын дунд халдварын олон тохиолдол илэрсэн юм. Харин Паралимпын наадамд Японд оршин суудаг 60 мянга орчим хүн ажиллах төлөвтэй байна. “Наадамд оролцогчдын дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Японы ажилтнуудыг шинжилгээнд олон удаа хамруулах гэх мэт нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай” гэж Олимпын наадмыг зохион байгуулагчдад “COVID-19”-ийн арга хэмжээнүүдийн талаар зөвлөсөн мэргэжилтэн Нобүхико Окабэ мэдээлжээ. Өнгөрсөн ням гарагт Токиогийн наадмыг зохион байгуулагчид тамирчдын хотхонд нэвтрэх гэрээт ажилтнууд, сайн дурынхнаас өдөр бүр коронавирусний шинжилгээнд хамрагдахыг хүснэ гэдгээ мэдэгдсэн юм. Өмнө нь тэднээс дөрвөн хоног тутам шинжилгээ авч байжээ. Ийнхүү санаа зовних асуудлууд олон байгааг үл харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон нийтийн анхаарлыг хандуулдаг дэлхийн спортын томоохон наадам болох Паралимпыг зохион байгуулах цаг нь мөн гэдгийг ОУПХ-ны тэргүүн цохон тэмдэглэсэн байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цар тахалд илүү их нэрвэгдэж байхад дэлхий дахин тэднийг хамгаалах шаардлагатай үйлчилгээгээр хангаж чадахгүй байна. Ийм хүмүүс дэлхийн хүн амын 15 хувийг эзэлдэг боловч цар тахлын үед орхигдох болоод байна. Тэдний дуу хоолойг илүү чанга тодоор сонсгох хэрэгтэй байна” гэж Э.Парсонс ярьжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.