E-Mongolia-ийн хоёр дахь хувилбарыг гаргана


Засгийн газрын хуралдаанаар E-Mongolia цахим системийг өргөжүүлж, E-Mongolia-II хувилбарыг гаргахаар шийдвэрлэсэн байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ)-ын дарга Б.Болор-Эрдэнэ, “Засгийн газраас E-Mongolia-ийн дараагийн хувилбарын шийдлийг танилцуулахыг үүрэг болгож байсан. Ингэхдээ заавал хиймэл оюун ухаанд суурилсан, тухайн иргэнд зориулсан үйлчилгээг санал болгодог платформ болго гэсэн үүрэг өгсөн юм. Өнөөгийн E-Mongolia-д байгаа 539 үйлчилгээ нь иргэдэд лавлагаа, тодорхойлолт олгох, лицензийн зөвшөөрөл хүсэх зэргийг оруулсан байгаа. Бид “E-Mongolia-II” нь таван шинэ функцтэй байна. Монгол Улсын иргэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг 10-12 бичиг баримттай байдаг. Энэ бүхнийг “E-Mongolia-II”-т оруулсан бөгөөд хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар байх юм. Мөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан шинэ цонх нээж, авлигалын индекс ажлын хүрээнд ажиллана. Хамгийн гол хэсэг нь Миний бичиг баримт хэсэг юм. Энэ иргэн шилжилт хөдөлгөөн хийх, гадаад паспорт захиалах зэргээр бүхий боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хоёрдугаарт, хиймэл оюун ухаанаар зөвхөн тухайн иргэнд зориулсан үйлчилгээг санал болгодог болно. Тухайлбал, гэр бүлээ батлуулсан иргэнд зээлтэй холбоотой, автомашинтай холбоотой үйлчилгээг санал болгоно гэсэн үг. Энэ хэсэгт эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хамгийн түрүүнд оруулахаар төлөвлөж байна. Мөн компанийн нэр хайхаас эхлээд шинэ компани байгуулаад, гэрчилгээгээ хүргүүлээд авах хүртэлх аж ахуйн нэгжтэй холбоотой 30 гаруй, иргэнтэй холбоотой 20 гаруй үйлчилгээг оруулж байгаа. Авлигалтай тэмцэх хүрээнд ачаа тээврийн С зөвшөөрлөөс эхлээд ажлаа бүтээхийн тулд даргын үүд сахидаг хүнд суртал ихтэй үйлчилгээг түрүүлж цахимжуулна” гэлээ. Ташрамд дурдахал, Одоогийн E-Mongolia нь 1.9 сая хэрэглэгчтэй систем юм. Өнөөдрийн байдлаар хэрэглэгчдэд нийт 3.3 сая үйлчилгээ хүргэсэн байна. ХХМТГ-аас ШУТИС, МУИС-тай хамтран E-Mongolia нь өнгөрсөн онд нээснээс хойш ямар үр дүнтэй ажилласан бэ гэдэгт дүгнэлт хийсэн бөгөөд нийт 2.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн гэсэн дүн гарчээ. Энэ систем цар тахлын үед, ялангуяа хөл хорионы үед хамгийн их ачаалал авсан байна. Энэ үеэр 1.2 сая иргэн коронавирусний вакцинд хамрагдсан гэрчилгээ гаргажээ. Үүнээс гадна иргэд жолооны, иргэний үнэмэлэх зэрэг бичиг баримтаа захиалж, “Монгол шуудан”-гаар дамжуулан авсан нь ачааллыг хамгийн их нэмсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.