Германы канцлерт нэр дэвшигчид үерт нэрвэгдсэн бүсэд очжээ


Германы Канцлер Ангела Меркелийн халааг энэ намар авахаар нэр дэвшээд буй Хойд Рейн-Вестфал мужийн тэргүүн сайд Армин Лашет, Сангийн сайд Олаф Шольц нар саяхан үерийн гамшигт нэрвэгдсэн баруун нутагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Зүүний төвч үзэл баримтлагч Социал-Демократ намын гишүүн бөгөөд одоо дэд Канцлерын албан тушаалыг хашиж буй О.Шольц хэлэхдээ, “Бүс нутгийг сэргээх босгоход “олон тэрбум” евро зарцуулагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Холбооны болон мужийн санхүүжилт бэлэн байгаа тул сэргээн босголтын ажлыг нэн даруй эхлүүлэх боломжтой” хэмээн тус мужийн тэргүүн сайд А.Лашетийн хажууд зогсож байхдаа хэлсэн байна. Харин А.Меркелийн барууны төвч үзэлт Христосын Ардчилсан холбооны гишүүн А.Лашет, “Холбооны болон мужийн Засгийн газрууд энэ чиглэлд хамтран ажиллана” хэмээн түүний яриаг таслан хэлжээ. Мөн бүс нутаг хэзээ ч эргэн хэвэндээ орохгүй гэдгийг сануулаад, барилга байгууламжуудыг “үерт тэсвэртэй” болгох хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ. О.Шольцын хувьд, “Мөнгөөр сэргээн засварлах боломжтой бүхнийг бид засах болно” хэмээн хэлээд, энэхүү ажилд ойролцоогоор зургаан тэрбум евро /7.12 тэрбум ам.доллар/ зарцуулагдах тооцоотой байгааг дурджээ. Мөн сэргээн босголтын ажилд түүнээс ч илүү хөрөнгө шаардагдаж болохыг нэмж хэлсэн байна. А.Лашетийн нэр хүнд яагаад унах болсон бэ? О.Шольцын нэр хүнд өсөж буй нь А.Лашетийнх унаж байгаатай холбоотой. Үүний учир нь, үерийн гамшгаас үүдэлтэй хямралыг зохицуулах чиглэлд авч хэрэгжүүлж буй А.Лашетийн арга хэмжээнүүд олон нийтийн шүүмжлэл дагуулах болжээ. Мөн түүний гаргасан нүүр улайлгам алдаатай үйлдлүүд нь ч нөлөөлжээ. Саяхан явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд, үерийн гамшиг бусад асуудлуудаас илүү олны анхаарлыг татах болсонтой зэрэгцэн О.Шольцын дэмжигчдийн хувь өсөх болсон бол А.Лашетийн хүнд нөхцөлийг зохицуулах манлайлагчийн чадварыг нь илүү сайн нягтлах хэрэгтэйг харуулсан байна. “RTL” олон улсын хэвлэл мэдээллийн компаниас мягмар гарагт танилцуулсан санал асуулгын дүнгээр, германчуудын 21 хувь нь О.Шольцын төлөө саналаа өгөхийг илүүд үзнэ гэдгээ илэрхийлсэн бол 15 хувь нь А.Лашетийг, 18 хувь нь Ногоон намын нэр дэвшигч Анналена Бербокийг дэмжинэ гэж хариулжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт “ZDF” телевизийн санал асуулгад оролцогчдын 34 хувь нь О.Шольцыг, 29 хувь нь А.Лашетийг, 20 хувь нь А.Бербокийг канцлер болохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.