ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэжээ


“Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн хуралд оролцохоос татгалзсан гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байна.

НЭМЭЛТ: 19:50 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргалаа.

Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүллээ. Харин хуулийн тавдугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн талаар Үндсэн хуулийн Цэцээс мэдээлэв.

НЭМЭЛТ:18.58 цаг

 
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж өндөрлөлөө. Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна.
 
 
Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм.
 
 
УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр 15.00 цагаас Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Хуралдаанаас УИХ Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Тиймээс Одоо Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногт авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болно. Харин гишүүдийн олонх эс дэмжвэл Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг дахин хэлэлцэнэ” гэлээ.

НЭМЭЛТ: 17.10 цаг

Үндсэн хуулийн цэцийн байрны хоёр талын уулзварыг хааж, автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Цагдаагийн байгууллагаас ийнхүү хэсэгчлэн хөл хорио тогтоосныг жагсаал, цуглаан хийхээс урьдчилан сэргийлж байна гэх тайлбарыг өгөв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж байгаа юм байна. Цэцийн гишүүн Д.Одбаяр өмнөх бага суудлын хуралдааныг даргалж байсан. Шийдвэр гарч албажих мөчид өөрөө хурал хаяж гарсан хүн дунд суудлын хуралдааныг даргалж байгаа нь улстөрчдийн гар хөл болсон гэж харагдаж байна.

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шийдвэрийг гаргах гэсэн үйлдэл юм. Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ хэнээс ч хараат бусаар гаргах ёстой. Гэтэл хөл хориотой үед хүчний байгууллагуудын хамгаалалт дор улстөржсөн шийдвэр гаргаж гэж байгаад харамсч байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бүрэн эрх нь дуусгавар болсон Цэцийн гишүүн Д.Солонго оролцож байна. Ш.Цогтоо, Д.Солонго гишүүн хоёрын хугацаа нь дуусаад 1.4 жил болсон. Гэтэл Ш.Цогтоог бага суудлын хуралдаанаар чөлөөлсөн мөртлөө дунд суудлын хуралдаанд Д.Солонго гишүүн оролцож байгаа нь хууль бус үйлдэл. Үндсэн хуулийн Цэц аль нэг улстөрч, намын хүсэл зорилгыг биелүүлээд эхлэх юм бол ард түмэн хэнд итгэх юм бэ. Үндсэн хууль өөрөө шүүхийн нэг хэлбэр учраас бүх шатны шүүгчид эрх баригчдын талд л шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж байна” гэлээ.

Ц.НАНЗАДДОРЖИЙГ Ж.ЭРДЭНЭБУЛГАН ОРЛОЖ, ЦЭЦИЙН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 15.10 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ. Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О. Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна. Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго илтгэлээ танилцуулснаар эхэллээ. Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсан учраас Ж.Эрдэнэбулган түүнийг орлож, хуралд оролцож байна. 

ЦЭЦ 15.00 ЦАГТ ХУРАЛДАНА

НЭМЭЛТ: 12.50

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц түр хойшлуулсан  дунд суудлын хуралдаанаа 15.00 цагаас хийхээр товложээ. Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлж байна.


Т.ДОРЖХАНД: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЦЭЦЭД НӨЛӨӨЛЖ БАЙНА

НЭМЭЛТ: 11.00

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийхдээ “Үндсэн хуулийн цэц гурван сар хуралдаж чадсангүй. Үүнээс харахад Цэц хуралдаад шийдвэрээ гаргаж чадахааргүй нөхцөл байдалд орсон байна. Би хувьдаа ийм л дүгнэлт хийлээ. Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд таван гишүүн оролцдог. Харамсалтай нь бүрэлдэхүүнээс нэг гишүүн татгалзсан учраас өнөөдөр хурал болсонгүй. Шулуухан хэлэхэд Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлж байна. Өчигдөр гэхэд иргэдийг турхирч Үндсэн хуулийн Цэцийн гадна жагсаал зохион байгуулсан. Өнөөдөр жагсаал нь үргэлжлэх юм байх гэж бодтол байсангүй. Үүнээс харахад, өнөөдөр Цэц хуралдахгүй гэдэг мэдээллийг авсан байна. Нэг л зүйл маш тодорхой байна. Үндсэн хуулиа хамгаалдаг Үндсэн хуулийн цэц үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Цэцийн үйл ажиллагаа нь эрх мэдэлтний нөлөөгүйгээр шийдвэр гаргадаг байх эрхтэй. Бид Үндсэн хуулийн Цэцэд хандахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвшиж болохгүй гэсэн үндэслэл огт дурдаагүй. Харин Үндсэн хуульд маш тодорхой байгаа заалтуудыг л дурдсан. Эцэст нь хэлэхэд, Цэцийн гишүүдээ та нар хуулийн хүрээнд хэн нэгэн дарга, намаас үл хамааран шийдвэрээ гарга. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө л нэр дэвшиж байвал бусад нь хамаагүй мэтээр асуудалд хандаж болохгүй. Бид хуулиа хүндэлдэг, төрт ёстой Ардчилсан нийгмийг хүсч байна. Энэ бол хэн нэгэн даргын асуудал биш Үндсэн хуулиа хууль тогтоогчид хамгаалах ёстой. Тиймээс үүний төлөө тэмцэнэ. Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргахгүй бол дараа, дараагийн арга хэмжээг авна. Ер нь өнөөдрийг хүртэл Цэцийг хүндлээд улс төрийн акц хийгээгүй.

Монголчуудыг нэг зүгт харуулж байх ёстой төрийн тэргүүн гарч ирсэн цагаасаа хойш ард иргэд, хуулийн байгууллагуудыг хувааж байгаа нь өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байна. Үүнийг бид тэвчиж болохгүй. Энэ бол Монгол Ардын намын алдаа. Парламентын алдаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга л байх ёстой гэж дуугараад байгаа гишүүдийн алдаа” гэлээ.

Хуульч Д.Үүрцайх “Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн хуралд оролцохоос татгалзсан гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байна. Энэ мэдээллийг Ерөнхийлөгч Х.Баттулгын талаас тараасан гэж ойлгож байна. Тэр хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч бидэнд мэдээлсэнгүй. Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзана гэдгийг нөгөө тал мэдээлээд, аль хэдийнэ мэдээ тараад эхэлсэн байна гэдэг нь Цэцэд нөлөөлж буй хэлбэр” гэлээ.

Ц.НАНЗАДДОРЖ ОРОЛЦОХООС ТАТГАЛЗАЖ, ЦЭЦИЙН ХУРАЛ ХОЙШЛОВ

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж  Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2021.04.16/  болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. 

Тус хуралдаанд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр, Д.Солонго, Г.Баясгалан, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын бүрэлдэхүүнтэй хуралдахаар товложээ. Гэвч Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсан учраас хуралдааныг хойшлуулж, товыг жич зарлана хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг дэхь заалтууд нь дараах байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусчээ. 

  • 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг,
  • 5.4.50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
  • 5.6.Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.
  • 26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
  • 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх.
  • 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх.
  • 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх. гэж заасан байдаг аж. 

Эх сурвалж: Э. Сосорбурам

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.