Б.Намуун: “Намуун” Хүүхдийн Сан энэ жил зорилтот бүлгийн иргэдэд зориулж эх, хүүхдийн эмнэлэг барина


Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевиз “Монгол үлгэр” нэвтрүүлгийг хүргэж байгаа билээ. Энэхүү нэвтрүүлгийг “Намуун” Хүүхдийн Сан дэмжиж ажиллаж байгаа юм. Бид тус сангийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Б.Намуунтай “Монгол үлгэр” нэвтрүүлэг болон “Намуун” хүүхдийн сангийн цаашдын үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн “Монгол үлгэр” нэвтрүүлгийг таны үүсгэн байгуулсан “Намуун” Хүүхдийн Сан дэмжиж ажилладаг. Та юуны өмнө сангийн талаар уншигчиддаа танилцуулна уу?

-“Намуун” Хүүхдийн Сан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор үндэсний болон олон улсын байгууллагатай хамтран зорилтот бүлгийн 0-5 насны хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Бид тус хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, асаргаа халамжийн чиглэлээр тусламж дэмжлэгийг үзүүлж байна.

-Тэгэхээр хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор “Монгол үлгэр” нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байгаа гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно. Намуун Хүүхдийн Сан нь хүүхдийн хүмүүжил болон боловсролд чиглэж хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийг үргэлж дэмжиж ажилладаг. Манай улсад бага болон дунд насны хүүхдэд монгол ухаан, монгол ялгарал буюу идэндитийг уламжлан өвлүүлэх соёл нь үлгэр, домгоор яригдан ирдэг байсан.

Гэвч орчин үеийн амьдралын хэв маяг, цаг хугацааны эрхээр хүүхдүүд суралцах ёстой монгол ардын ухаан нэлээн хомс болж байна. Энэ орон зайг нөхөх үүднээс манай байгууллага Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. Монгол үлгэр аман байдлаар уламжлан ирсэн учир түүх, өв соёл агуулснаас гадна сургамжтай, хүмүүжлийн чанартай байдгаараа онцлогтой. 

Хүүхдүүд орчин үед цахим ертөнцөд хэт их цагийг өнгөрөөдгөөс болж бүтээлч сэтгэлгээгээ их алдаж байгаа. Үлгэрээр дамжуулж өөрсдийн ой ухаандаа үлгэрийн баатруудыг бүтээх, үйл явдлын төсөөлөл буулгах чадвар суудаг учир тус төслийг дэмжиж байгаадаа тун таатай байна.

-Тус  төслийн хүрээнд “Монгол үлгэр” гар зургийн уралдааныг 6-8, 9-12 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан юм билээ. Уралдаанд ямархуу бүтээлүүд ирсэн бэ, та бүхний сэтгэлд хүрсэн нь ямар зураг байв?

- Улс орон даяар хоёр насны ангилалтайгаар тус тэмцээнийг зарласнаас нийт 130 гаруй хүүхдүүдийн бүтээл ирсэн. Ирсэн зургуудаас харахад хүүхдүүдийн оюуны төсөөлөн бодох чадвар болон үлгэрт шүүмжлэлтэй хандаж байгаа байдлыг харж болно.

Монгол хүүхдүүдийн урлагийн мэдрэх чадвар маш өндөр түвшинд байгаа нь зурагнуудын өнгөний зохицол, хольц болон мэдрэмжээс харагдаж байсан. Хүн байгаль, ёс уламжлалыг харуулсан олон онцлог бүтээл байснаас нийт 10 бүтээлийг сонгон шалгаруулж ардын шилмэл үлгэр I болон II цуврал ном, мөнгөн шагналын хамт нийт оролцогч хүүхдүүдэд гардуулсан. Энэ боломжийг ашиглан тус тэмцээнд оролцсон хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье.

Нийт шалгарсан хүүхдүүд дундаас маш өвөрмөц зураг илгээсэн тохиолдол олон байгаа. Ирүүлсэн зургууд маш уран сэтгэмж агуулсан, төсөөлөн бодох чадвар өндөр байгааг харуулсан.

-Төслийн хүрээнд хуучны болон мартагдах дөхсөн үлгэрүүдийг дахин сэргээн засварлаж байгаа гэсэн. Одоогоор хичнээн үлгэр засварлаад байна вэ?

-Тийм ээ. Одоогийн байдлаар 30 үлгэр засварлаж, МҮОНРТ-ийн архивт хадгалуулсан. Энэ нь монгол ардын аман үлгэрүүдийг хадгалан үлдээж, үр хойчдоо өвлүүлэх зорилготой. Энэхүү ажилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа МҮОНРТ-ийн дуу оруулагч, тэр дунд Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ш.Ёолк болон бусад мэргэжлийн хамт олондоо талархсанаа илэрхийлж байна. Тус үлгэрүүдийг олон нийтийн хүртээл болгохын тулд Намуун сангийн сошиал хуудаснаа мөн оруулсан болохоор та бүхэн хүүхдүүддээ сонсгох боломжтой шүү.

-Та ярилцлагынхаа эхэнд “Намуун” Хүүхдийн Сан нь дөрвөн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн.  Цаашдаа ямар үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна?

-Манай сан нь эрүүл мэнд, боловсрол, халамж, аюулгүй байдал гэсэн дөрвөн салбарт 2008 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жилийн онцлох үйл явдлаас дурдвал, Сонгинохайрхан дүүргийн захын 33 дугаар хороонд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх зорилгоор Эх Хүүхдийн Эмнэлэг барихаар төлөвлөөд байна. Тус байгууламж нь эрүүл мэндийн тусламж авах шаардлагатай боловч хангалттай үйлчилгээ авч чаддаггүй гэр бүл, хүүхдүүдэд зориулагдах болно. Мөн одоогоор олон улсын байгууллагуудтай хамтарч бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцээрийн түвшинд явагдаж байна. Тус төсөл хөтөлбөрүүдийг тодорхой болохоор нь бид олон нийтэд зарлахаар төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.