Ж.БАТСУУРЬ: ХОТ, СУУРИН ГАЗРУУДЫН УНДНЫ УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГАА ХИЙЖ, НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛНО


Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийн Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.  

-Дэлхийн усны өдрөөр иргэдийн усны ухаалаг хэрэглээг дэмжих, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаардаг. Иргэдийн хандлага, ойлголт нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох санал гаргаж, дэмжигдсэн байдаг юм. Үүний дагуу олон  орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх,  арвилан хэмнэх зорилгоор 1993 оноос жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг  НҮБ-аас “Дэлхийн усны өдөр болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос “Дэлхийн усны өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. 2021 оны дэлхийн усны өдрийг “Усны үнэ цэн, үнэлэмж” уриатайгаар тэмдэглэж байна. Энэ өдрийн гол зорилго нь унд ахуйн ус болон усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Жил бүр усны чиглэлээр ажилладаг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд энэ өдөрт ач холбогдол олон арга хэмжээг зохион байгуулдаг. Жишээ нь, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тодорхой сэдвээр хичээл заадаг. Манайхаас цэвэр, бохир усны үйлчилгээ, бохир усыг хэрхэн яаж цэвэршүүлдэг тухай олон мэдээллийг хялбаршуулж, контент хэлбэрээр иргэдэд хүргэсэн. Нүхэн жорлон түүнээс гарах сөрөг үр дагаврууд, “Нойлын хувьсгал”, төрийн үйлчилгээний тогтвортой менежментийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж, иргэдэд хандсан олон ажлуудыг зохион байгуулж ирлээ.

-Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хувьд ямар чиг үүргийг голчлон анхаарал хандуулж ажилладаг вэ?

-Манай байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газрын зохицуулах байгууллага. Хот суурин газрыг ундны усаар хангаж байгаа, орон сууцны нийтийн аж ахуйн ашиглалт үйлчилгээг хариуцаж буй мэргэжлийн байгууллагуудыг хариуцдаг. 2011 оны 10-р сарын 06-ны өдөр шинэчлэн баталсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 46, 05 сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолын дагуу “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл” үүсгэн байгуулагдсан билээ.

Зөвлөлийн үйл ажиллагаа нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй хэрэглэгчийн төлөөлөл, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий бие даасан, хараат бус хамтын удирдлагын байгууллага юм.

Аймаг, сумын төв, Улаанбаатар хотын дүүргүүдийн ундны ус, болон цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг хариуцдаг орон сууцны конторууд, аймгийн ус олборлож түгээж байгаа газрууд зэрэг олон байгууллагууд манай байгууллагаас тусгай зөвшөөрөл авч, эндээс баталсан үнэ тарифаар усаа олборлож, түгээдэг.  Жишээ нь Улаанбаатар хотын хувьд Ус сувгийн удирдах газар нийслэлийн төв суурин газрын ундны усыг олборлон ариутгал халдваргүйжүүлэлт хийж байж түгээдэг.  Ингэж түгээсэн усыг орон сууцны конторууд дүүрэг, хороолол орон сууцны ашиглалтыг хариуцаж гэрээгээр үйлчилгээ үзүүлдэг. Ус сувгийн удирдах газраас бөөний үнээр усаа авч, айл өрх аж ахуйн нэгжид тогтоосон жижиглэнгийн үнээр үйлчилгээ үзүүлж байна. Манай зөвлөлөөс 200 гаруй байгууллага тусгай зөвшөөрөл авч нийт Монгол Улсын хот, суурин газрын унд ахуйн усны хангамж, бохир усыг татан зайлуулах ажлыг хариуцаад явж байна.

-Усны зөв хэрэглээ болон ашиглалтын талаар иргэдийн ойлголт, хандлагад өөрчлөлт гарч байна уу?

-Төв суурин газрууд, тэр дундаа Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд усыг арвилан хэмнэх, зөв ашиглах тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгааг хэлэх нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн усны хэрэглээг тоолуураар хэмждэг болсон. Хэрэглээний усыг ариг гамтай ашиглах, усны зүй бус алдагдлыг бууруулахад тоолуурын ашиг тус их гарч байгаа.  Орон сууцны айл өрхийн нэг хүний дундаж хэрэглээ хоногт 100 хүрэхгүй литр, гэр хорооллын айл өрх усаа зөөврөөр авдаг учир харьцангуй бага буюу нэг хүний хоногийн хэрэглээ  20 гаруй литр ус байдаг. Өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүний  хоногийн хэрэглээ 500 гаруй литр, дундаж хөгжилтэй улс орнуудад нэг хүний хоногийн хэрэглээ 200 орчим литр байгаа бол  манай орны нэг хүний  хоногийн дундаж хэрэглээ бусад орнуудтай харьцуулахад бага байгаа.

-Коронавирус цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор хувийн ариун цэвэр сахих, гараа тогтмол угаах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байна. Усны хэрэглээнд ямар байдлаар нөлөөлж байгаа нь сонирхолтой байна?

-Дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх гол арга замуудын нэг нь гараа тогтмол угаах, чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр өрхийн ариун цэврийг сахих гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байгаа. Үүнтэй холбоотой өрхийн усны хэрэглээ тодорхой хувиар нэмэгдсэн. Гэхдээ үүнийг бас буруутгах аргагүй л дээ. Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй мэдээллээр гараа тогтмол угааж, ариун цэвэр сахиж байгаа нь ханиад, томуугийн өвчлөл буурахад нөлөөлж байна гэж үзсэн байна лээ.  Дээр нь олон айл өрхүүд жил бүр орон сууцанд орж, суурин амьдралд шилжихийн хэрээр усны хэрэглээ мөн нэмэгдэж байна. Үүгээр улс орны хүн амын хөгжлийг тодорхойлдог болжээ. Хэрэглээгээ багасгаж байна гээд угааж, арчихгүй байна гэж байхгүй л дээ.

-Цэвэр усны хэрэглээний асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг.  Тэгвэл бохир усыг байгальд ээлтэй болгох, цэвэршүүлэх, дахин ашиглах талаар ямар ажлууд хийж байна вэ?

-Дэлхийн олон улс орнууд “Нойлын хувьсгал” хөдөлгөөн өрнүүлж байна. Нэгдүгээрт, ил задгай бие засах явдлыг бүрмөсөн зогсоох, хоёрдугаарт, нүхэн жорлонгийн асуудал байна.  Хөрс, усны бохирдол үүсгэдэг учраас хөрсөнд шингэдэг нойлын технологийг зогсоох шаардлагатай байгаа. Сум, суурин газруудыг инженерийн шугам сүлжээтэй болгон бохир усыг татан зайлуулах, цэвэршүүлэх цэвэрлэх байгууламж барьж байгуулахад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Сум суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэхээр зорьж байна.  Сумын төв жижигхэн суурингууд боловч инженерийн дэд бүтэцтэй боловсон нойлтой, бохирдуулсан усаа татан зайлуулж, байгальд орчинд ээлтэйгээр цэвэршүүлэх ажлыг зохион байгуулахад анхаарч байна. 2019 оны Монгол Улсын Засгийн газрын 474 дугаар тогтоолд заасны дагуу мэргэжлийн байгууллагууд сум суурин газруудаа инженерийн дэд бүтэцтэй болгох ажлыг  хариуцаж хийх учиртай.

-Цэвэрлэх байгууламжийн чанар, хүртээмжийн хувьд ямар байна вэ. Ялангуяа томоохон үйлдвэрүүд ус бохирдуулж байна гэдэг асуудал байнга сөхөгддөг шүү дээ.

Арьс шир, ноос ноолуурын үйлдвэр их хэмжээний ус хэрэглэдэг. Химийн бодис ашиглаж үйлдвэрлэл явуулдаг учраас үйлдвэрээс гарсан усыг зайлшгүй стандартын түвшинд нийцүүлж сайтар цэвэрлэх ёстой. Манай томоохон эмнэлгүүд хүртэл өөр дээрээ цэвэрлэх байгууламжтай байх ёстой шүү дээ. Гэтэл цэвэрлэх байгууламж нь ажиллахгүй, дээр нь мэргэжлийн түвшинд анхаарал хандуулахгүй байгаагаас болж асуудал үүсэх тохиолдол гардаг. Үйлдвэр болон эмнэлгүүдийн цэвэрлэх байгууламжийг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд хариуцвал илүү үр дүнд хүрнэ.

-Усны үнийн зохицуулалтыг хэрхэн хийж байна вэ?

-Олон улсын жишгээр авч үзвэл усны үнэ цэнийг үнэлэх боломжгүй гэж үздэг. Хүн уух усаар гачигдах юм бол ус ямар их үнэ цэнтэй байх нь ойлгомжтой. Бид үнэ гэж яриад сурчихсан байна л даа.  Унд ахуйн усаар үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд үйлчилгээний зардлыг усны үнэ хэлбэрээр шингээж хэрэглэгчээс авч байгаа юм. Олон сум, төвдөө гаргасан худгаасаа усыг үнэгүй хэрэглэж байгаа. Хэрэв усан сан байгуулж, үйлчилгээ үзүүлж байгаа бол тухайн үйлчилгээний зардлыг нөхөх хэмжээний тийм зардлыг төлж байгаа.  Манай зохицуулах зөвлөлөөс цэвэр бохир усны үнэ тарифыг тогтоож байна. Жишээ нь, Улаанбаатар хотын Ус сувгийн байгууллага усаа аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах бөөний үнэ, дамжин тариф, жижиглэнгийн үнэ гэх мэтчилэн. Унд, ахуйн ус бол харьцангуй хямд байгаа. Байршил, ус татан авалт зэргээс шалтгаалж аймаг болгон харилцан адилгүй байдаг. Жишээ нь, Говь-Алтай аймаг төвийн ундны ус стандартын шаардлага хангадаггүй учраас холоос усаа татаж, тээвэрлэлтийн хөлс нэмэгдээд өндөр гардаг. Усны асуудал дээр шугам сүлжээ, дэд бүтцийн засвар үйлчилгээ, дээр нь эрчим хүчний хэрэглээ, тээврийн үнэ хөлс нэмэгдэл зардлууд нэлээд гардаг л даа. Манай байгууллага ус олборлож байгаа байгууллага, хэрэглэгч, Засгийн газар гэсэн гурван талын оролцоог хараат бусаар, тэгш хангах чиглэлд ажилладаг.

-Усны чиглэлээр ажилладаг төрийн болоод төрийн бус байгууллага, иргэдийн уялдаа холбоо хэр сайн байна вэ?

Байгууллагын үйл ажиллагаандаа Усны тухай хууль, Хот суурины ус хангамж ариутгал, татуургын ашиглалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилладаг. Дэлхийн улс орнуудын чиг хандлагаас харахад тэр дундаа усны хомстолтой, хязгаарлагдмал нөөцтэй улс орнуудад газар тариалангийн усжуулалтад инноваци ихээхэн ашиглаж байна. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуйд дуслын системээр зөвхөн үндэс рүү чийг өгөх тийм арга техник ашиглаж байна. Хөдөө аж ахуй болон уул уурхайн  салбарт усны хэрэглээ өндөр байна.

-Энэ салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ямар ажлууд байна гэж та харж байна вэ?

-Цаашид хийх ажил их байна. Үүний нэг нь унд, ахуйн хэрэглээний усны стандартыг сайжруулах асуудал байна.  Усны найрлага, стандарт гэдэг маш чухал сэдэв байгаа юм. Хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Иймээс ундны усны стандарт найрлагад онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Бид хот суурин газруудын ундны усны чанарын судалгаа хийж, нэгдсэн мэдээллийн сантай болохоор зорилт тавьж ажиллаж байна. Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарим аймгуудад  ундны усанд ашиглаж байгаа усны эх үүсвэрүүд, ус түгээх байрны ариун цэвэр зэргийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалгааны ажил хийж томоохон тайлангууд гаргаад байна. 2018 онд ундны усны стандартыг шинэчилж тогтоосон. Бидний хийсэн судалгаагаар унд, ахуйн хэрэглээний усны фторын агууламж бага байгаа нь харагдсан. Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн шүдний өвчлөлийн асуудлыг өнгөрсөн жилүүдэд нэлээд хөндөж ярьж байсан. Энэ бол ундны усны найрлагатай бас тодорхой хэмжээнд хамааралтай байж болох юм.  Тиймээс усны чанар, найрлага, стандартын асуудал дээр төрийн захиргааны байгууллагууд, аймаг орон нутгийн удирдлагууд анхаарал хандуулж, хамтран ажиллах шаардлагатай байна.

Ярилцсанд баярлалаа

 

Эх сурвалж: Өдрийн сонин ("Баян Газрын Хишиг" ХХК)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.