Шүүх байгууллагад хийсэн "томилгоо"


Шүүгч Ч.Хосбаяр, Г.Алтанчимэг, П.Золзаяа  нар нь 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байв.

УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар шүүх байгууллагад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, "томилгоо"-нуудыг шил дараалан хийж байна.  Шүүхийн тухай хууль нь гуравдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн юм.  Одоогоор хаана ямар "томилгоо" хийгээд байгааг тоймлон хүргэе. 

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн гуравдугаар сарын 5-ны өдөр болж,  дараах шүүгчдийг Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнээр сонгов. Тодруулбал, Улсын дээд шүүхийн  Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд  нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч Б.Цогт, шүүгч Ч.Хосбаяр нараас шүүгч Ч.Хосбаярыг, Иргэний хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч П.Золзаяа, шүүгч Г.Алтанчимэг нараас шүүгч Г.Алтанчимэгийг, Захиргааны хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшсэн шүүгч Ч.Тунгалагийг олонхийн саналаар танхимын тэргүүнээр сонгосон юм.

Шүүгч Ч.Хосбаяр, Г.Алтанчимэг, П.Золзаяа  нар нь 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байв. Мөн Ч.Хосбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт шалгагдаж байсан юм.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН  ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР

Түүнчлэн, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад  заасны дагуу нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Д.Мөнхтуяа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгожээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны арванхоёрдугаар сард шүүгч Ц.Цогтыг, 2021 оны хоёрдугаар сард шүүгч С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус томилсон бол 2021 оны нэгдүгээр сард шүүгч Ц.Амарсайханы шүүгчийн бүрэн эрхийг сэргээснээр Улсын дээд шүүх нь 24 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллах болсон байна.

НИЙСЛЭЛИЙН АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮГЧИД ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРАА СОНГОВ

Нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид гуравдугаар сарын 4-ний өдөр хуралдаж, ерөнхий шүүгч нараа сонгосон. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нар сонгогдсон юм.

Мөн нийслэлийн зургаан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг "томилоод" байна. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Одонтуул
  • Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Дашдондов,
  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Батболор,
  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Ж.Болдбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Халиун нар тус, тус сонгогджээ.

ЦЭЦИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА ДУУСАВ

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна” гэж заасан. Тиймээс  Улсын дээд шүүхээс гуравдугаар сарын 9-ний өдөр  Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээж авах сонгон шалгаруулалт зарласан. Тус сонгон шалгаруулалтын хугацаа нь өчигдөр /2021.03.16/ 17.30 цагт дуусгавар болов.

Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон учраас ийнхүү сонгон шалгаруулалт зарласан юм.  

Цэцийн дараагийн гишүүнд  албан бусаар олон нэр дэвшигчийн нэр яригдаж байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгч О.Зандраа,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Д.Эрдэнэчулуун, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулган, Монголын Өмгөөлөгчийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганбаатар, шүүгч П.Амаржаргал, Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхам, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан нарын нэрс яригдаж буй.  Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхийн санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд албан ёсоор мэдээлэх учраас хэн, хэн нэрээ дэвшүүлсэн нь тэр үед  эцэслэгдэх юм.

Эх сурвалж: Э.БУРАМ (news .mn)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.