Н.Энхбаяр үнэхээр МАХН-ыг МАН-д нэгтгэх бол Засгийн газраар л солино


Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд товлогдоод байгаа.

Сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоног эсвэл аравдугаар сарын эхний долоо хоногт хийдэг байлаа. Энэ удаа яаравчлуулж байгаа нь эрх баригч намын ямар нэгэн судалгаанд үндэслэсэн тооцоо л байх. Одоо бол төр засгаас хийж байгаа хөдөлгөөн бүрийг сонгууль угтсан бэлтгэл гэж харж эхэлдэг цаг шүү дээ. Саяхан Засгийн газраас мөнгө хэвлэж 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлнэ гээд зарлачихлаа. Залуусыг ажил хөдөлмөрт мэргэшүүлэх сургалтад сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгтэй хамруулахад 500 тэрбум төгрөг, ипотекийг санхүүжүүлэхэд гурван их наяд төгрөг, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хоёр их наяд төгрөгийн зээл олгох зэрэг бараг танил юм харагдаад байна лээ. Өнөө 2016 онд АН төрийн эрх барьж байх­даа хийж байсан “Сайн” хөтөл­бөрүүдийн хоёрдугаар анги мэт.

Гэхдээ сонгуулийн дүнг юу ч тараасан хамаагүй нэр дэвшигчид л шийддэг. Хэрвээ өгсөн, бүтээснээрээ болдог бол дандаа эрх баригчид л ялна биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд хүнээ сойно. Тэгэхээр өнөө жилийн сонгуульд хүн нэр дэвшүүлэх эрхтэй дөрвөн нам байна. Энэ дөрөв дундаа АН, МАН хоёрын хооронд гол өрсөлдөөн явагдана. Сүүлийн арав гаруй жил Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан МАН 100 жилийнхээ ой дээр ялах хүсэлтэй байгаа. Эрх мэдлийг бүрэн нэг гарт төвлөрүүлэхэд ганц дутагдаад байгаа зүйл нь Ерөнхийлөгч. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд удирдлагаа дэвшүүлэх замаар арын ээлжнийхэн нь байраа эзэлдэг зуршилтай нам шүү дээ. АН-ын хувьд дараалсан үнэмлэхүй ялагдлууддаа цэг тавих хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Сүнс, сүүдэртэй байж, олон түмний дунд амьд гэдгээ харуулах боломж нь Ерөнхийлөгчийн сонгууль. Тэгээд ч сүүлийн гурван Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан улс төрийн хүчин болохоор санаанд нь бол багтаж л байгаа.

Хамгийн гол нь АН, МАН-аас ямар ч нэр дэвшигч гарсан нөгөө хоёр нам нь хэнийг нэр дэвшүүлэхээс ихээхэн хамаарна. МАХН-ын хувьд МАН-д халтай бол ХҮН нь АН-д халгаатай байдаг. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал тэр жил Ц.Элбэгдоржийг дахин ялах боломж олгосон.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн нь МАН ялагдах урьдач нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Харин 2020 оны сонгуульд УИХ-ын ээлжит сонгуульд “Зөв хүн электорат” хөдөлгөөний нэр дэвшигчид АН-ын гишүүдийн саналыг хуваасан нь бүгдэд илт байсан. Хөдөлмөрийн үндэсний намыг бол улс төр сонирхогчид “МАН-ын охин компани” гэж хочилдог болчихсон байна лээ. Энэ нам орон нутгийн сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороон дээр бүртгэлийн асуудал үүсэхэд шууд л “Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн ажил” гэж цоллоод багахан хэмжээний цугларалт, жагсаал маягийн юм хийж байв. Тэдэнд хүч нэмэхээр МАН-аас УИХ-д сонгогдсон залуу гишүүд очиж сэтгэлийн дэмжлэг үзүүлээд л. Ер нь жаахан юман дээрээс л зэс нь цухуйчихаад байдаг. Өдгөө ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгч Х.Баттулга дахин өрсөлдөх эрхгүй гэж хамгийн их ярьж байгаа. Бүр энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан санагдаж байна. Энэ намаас хэнийг ч нэр дэвшүүлсэн АН-аас нэр дэвших хүнд л зовлон болно.

Гэтэл ойрын өдрүүдэд ялангуяа цахим орчинд МАН МАХН хоёр нэгдэх тухай таамаг тарж эхэллээ. МАН-ын 100 жилийн ой ч нэгдэхэд нь гадна талдаа тайлбарлах сайхан шалтаг болох байх. Хэдийгээр МАН болоод МАХН-ын зүтгэлтнүүд ямар нэгэн тайлбар хийгээгүй ч АН талын улстөрчид нэлээд шаргуу мэдээлж байгаа юм. Энэ хоёрын нэгдэл АН-д ашиггүй тусах учраас үүнийг олон нийтэд дэлгэж хорслоо тайлж байж ч мэдэх юм. Үзэл баримтлал нэг, МАН-аас тасарсан гэдэг утгаараа нэгдчихэд буруу юм байхгүй. Нэгддэггүй юм гэхэд эвсэхэд гайхах зүйлгүй л намууд юм. Угаасаа энэ хоёр нарын нэгдэх, эвсэх асуудал ганц энэ удаа биш, нэлээд эртнээс яригдаж байсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө юмдаг. МАН, МАХН хоёр эвсэж сонгуульд оролцох болсныг хэвлэлийн хурал хийж зарлаж байлаа. МАН талаас Ч.Хүрэлбаатар МАХН талаас Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар идэвхийлсэн. Тухайн үед МАН эвсээд УИХ-ын сонгуульд илгээх нэр дэвшигчдийнхээ 51-ийг МАН, 25-ийг МАХН-аас гаргая гэсэн санал тавьсан. Намын хурлуудаа хийх хуулийн хугацаа тулчихаад байдаг, МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнх нь намд оногдсон квотыг чамлаж нөгөө талд Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурлын гишүүд уурссанаас болоод ажил хэрэг бололгүй өнгөрч байлаа.

Хэрэв МАН өөрийнхөө өвөрт МАХН-ыг нэгтгэж чадвал “талбайн гадуур” байгаа бүхнийг авлаа гэсэн үг. ХҮН угаасаа МАН-д л ашигтай ажиллана гэж тооцоод шүү дээ. Гэхдээ үнэмшихийн урд эргэж бодох юм бас байна аа. МАХН-ыг МАН руу тавиад туучих нь бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулгатай МАХН-ын дарга Н.Энхбаяр зузаарлаа гэж өнгөрсөн намраас хойш бүх нийтээрээ хардаагүй бил үү. Төмөр замын ажлын явцыг МАХН-ын дарга Н.Энхбаяр очиж үзлээ, Э.Батшугар Ерөнхийлөгчийн зөвлөх болох гэж байгаа гэнэ гээд л шуугиж байв. Тэгж ярих юм бол 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН чинь АН-тай хамтран орж байлаа шүү дээ. Нэг нэгнийхээ хүнийг нэр дэвшүүлсэн тойрогт нөгөөх нь хүнээ илгээхгүй байх тохироотойгоор МАХН-д Сонгинохайрхан дүүргийг АН найр тавьж байлаа. Одоо МАХН, МАН нэгдэх тухай яриа гараад ирэхээр үнэмшилгүй байгаагийн шалтгаан нь энэ.

Гэвч улс төрд боломжгүй юм гэж байхгүй. Гол нь ямар санал тавьсантай л холбогдоно. Бүр товчхон гэвэл энэ яриа батлагдах нөхцөл нь Н.Энхбаяр юу нэхэхээс ихээхэн хамаарна. Н.Энхбаяр өөрөө яагаад нэр дэвшиж болох­гүй тухай өчнөөн жил нуршсан болохоор тайлбарлах нь илүүц. Тиймээс МАХН-аас Ерөн­хийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлээд горьдлого төрүүлэх хүн С.Ганбаатараас өөр байхгүй. Өнөөх нь сонгуульд нэр дэвших боломжтой байгаа нь ч эргэлзээтэй. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Ганбаатар гэртээ солонгос иргэнээс 50 сая төгрөг авч байгаа бичлэгнийх нь асуудал одоо ч шийдэгдээгүй байгаа юм гэсэн. Нэр дэвших юм бол түүнийг нь гаргаж ирээд л эрхгүй болгочихно гэсэн үг. Ийм нөхцөлд МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын саналыг хуваахаар биш нэгдэж ялахаар явж ч болох л юм. Ингэвэл нэлээд сайн л тохиролцож таарна даа. Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын нөхөн сонгуульд Э.Батшугарыгаа дэвшүүлэх байх гэсэн таамаг бол байгаа юм билээ. Энэ бол намаар солих хэмжээний юм биш. Зүгээр дайвар төдий л зүйл байж болох юм. Тэгвэл гол хөзөр нь Засгийн газар байж болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын шинэ дарга хэн болохоос их зүйл шалтгаална. Улмаар Засгийн газар ч хөдлөх байх гэсэн яриа гараад удаж байна. Тэгвэл шинээр байгуулагдах Засгийн газрыг бүтнээр нь биш гэхэд нэлээд том хэсгийг нь Н.Энхбаяр авна гэсэн тохироогоор л МАН-д нэгдэж таарна. Энэ хүнээс тэр зэргийн шунал өлхөн гарна шүү дээ. Түүнийг хоёр удаа үнэмлэхүй ялж бяр суусан МАН-ын гишүүд ингэж дураар нь дургиулах уу.  Биелэхэд хэцүү зүйлс улс төрд болж л байдаг болохоор юмыг яаж мэдэх билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.