МАН: Гарч буй үхэр жилд цар тахлыг ялан дийлнэ...


Та бүхэндээ айлчлан ирж буй “Цөөвөр” хэмээгч төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Эх сайхан орныхоо өнцөг булан бүрд амьдран суугаа туурга тусгаар Монгол Улсын ард иргэд, азай буурлууд, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй элэг нэгт Монгол ахан дүүс ээ, Эв санаа нэгт Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид, эрхэм журмын нөхөд өө,

Та бүхэндээ айлчлан ирж буй “Цөөвөр” хэмээгч төмөр үхэр жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй “Хотол төгс” хэмээгч төмөр хулгана жил Монгол Ардын Намын хувьд Монгол төрийн шат шатны сонгуульд иргэд, сонгогчид Та бүхнийхээ өргөн итгэлийг хүлээн үнэмлэхүй ялалт байгуулсан амжилт дүүрэн жил байлаа.

Үүний зэрэгцээ дэлхий нийтийг хамарсан коронавируст (Ковид-19) цар тахал монголчуудыг төдийгүй хүн төрөлхтнийг нөмөрч, улс орнууд хил хязгаараа хаасан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан, иргэдийн аж амьдралын хэвийн байдал алдагдсан хүндхэн жил өнгөрч байна.

Хэдийгээр ийм амаргүй байдал үүссэн ч манай намын эмхлэн байгуулсан Засгийн газар нийт ард иргэдийнхээ итгэл дэмжлэгээр аюулт цар тахлыг дотооддоо тархаалгүй арван сар хамгаалж, өнөөдөр дотоодод тархсан халдварыг хумьж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Гарч буй төмөр үхэр жил Монголчууд нийтээрээ аюулт цар тахлыг ялан дийлж, хүн ардаа дархлаажуулан, эдийн засгаа сэргээн хөгжүүлсэн, нийгэмд шударга ёс тогтож, төрийн албаны сахилга хариуцлагыг бэхжүүлсэн, улс орныхоо хөгжил дэвшилд ахиц дэвшил авчрах томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн амжилт бүтээлийн жил байна гэдэгт итгэл төгс байна.

Мөн эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн тогтоох чин хүсэл зорилгоор нэгдсэн эрэлхэг эх орончдын байгуулсан улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жилийн ой айлчлан ирж буй төмөр үхэр жилд тохиож байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болж нэгэн зууны түүхийг түүчээлсэн Монгол Ардын Нам эрх баригч улс төрийн хүчний хувьд алдаа оноо, амжилт бүтээлдээ дүгнэлт хийж, улс орныхоо ирээдүйн хөгжлийн зорилго зорилтыг хэлэлцэхээр намынхаа XXX Их хурлыг хуралдуулахаар зарлаад байна.

Монгол ахан дүүс, азай буурлууд Та бүхэндээ эрүүл энх, элбэг дүүрэн байх, улс орон маань цэцэглэн хөгжихийн ерөөл өргөе.

Төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүх

Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан

twitter share 2
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2021-02-12 ip: 66.181.161.55

  2. 2021-02-12 ip: 66.181.161.55