С.Ганбаатар: Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж 2009 оноос хойш махыг нь зулгааж байна


УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй байхаар заалт оруулж ирлээ гэсэн байр суурийг чуулганы танхимд илэрхийллээ.

Тодруулбал, хуулийн төсөлд эрүүгийн хуулиар ял шийтгэл эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт нь зөвхөн Н.Энхбаярт зориулсан заалт гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ын нөхөд, эрх баригчид аа, та бүхний үнэн төрх чинь л гарч байна. Энэ бол нэг хүнд зориулсан заалт. Намбарын Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оролцуулахгүйн тулд 2009 оноос хойш арван жил махыг нь зулгааж, сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж байна. Нэг үе та нарыг удирдаж явсан, та нарын хамтран зүтгэгч. Оюу толгой, Таван толгойн баялгийг ард түмэнд өгье гэсний төлөө аймшигтай хонгилын эздэд чирэгдэж, гүтгэгдэж яваа хүн. Ингэхээр нийт жирийн ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд битгий халдаач ээ. Энэ заалтыг бодож үзээч ээ. Хэдий хүртэл сонгох, сонгогдох эрхэнд халдах юм бэ. Гүтгэж авлига албан тушаалын хэрэгт холбогдуулчихаад эрхэнд нь халдаж байгаа явдлыг эргэн бодооч. Хэнийг сонгох уу, сонгохгүй вэ гэдгийг ард түмэн өөрсдөө шийддэг. ” гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд "Хэд хэдэн сонгуулийг дамжиж ирсэн заалт. Миний ойлгож байгаагаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсон. Үүнд сонгох, сонгогдох эрхтэй холбоотой заалтыг онцгойлон тусгасан. Тэгэхээр энэ бол зөвхөн тухайн үеийн эрх барьж байгаа намын хийж байгаа заалт биш. Аль ч нам төрийн эрх барьж байсан нэгдэн орсон конвенцийнхаа зүйл заалтыг тусгаад явах байсан болов уу. Ерөнхийлөгчийн сонгууль бус төрийн албан хаагчийн хувьд ч мөн л ийм шаардлага байдаг. Төрийн өндөр албан тушаалтан цэвэр байх ёстой гэсэн зарчмыг аль ч нам барьж ирсэн болов уу" гэлээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.