З.Мэндсайхан: Өнжмөл болон шинэ өвсийг хольж аймгуудад үнэгүй олгоно


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

 

COVID-19 цар тахлын байдлыг урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад  шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвараас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 1-ний хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар, гишүүд найруулгын дөрвөн санал гаргаж дэмжсэн байна. Тухайлбал, хууль үйлчлэх хугацааг “тавдугаар сарын 1 хүртэл" гэснийг “долоодугаар сарын 1”гэж өөрчлөх санал гаргажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Т.Аубакир, Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, О.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Туваан, Ж.Батсуурь нар асуулт асууж хариулт авав. Гишүүд, хуулийн төсөл батлагдсанаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа цаг үед өвс, тэжээлийн үнэ хэрхэн буурахыг лавлаж байв. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат, УОК-оос малчдад нөөцөлсөн өнжмөл өвсийг үнэгүй тараах, эсвэл зээлээр олгох боломж байгаа эсэхийг лавлалаа.

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, дээрх бараа нь гадаадын зах зээлд үнэ өссөн, дотоодод дутагдалтай байгаагаас үнэ нэмэгдэж буйг тэмдэглээд, хуулийн төсөл батлагдсанаар нийлүүлэлт сайжирна хэмээн тодотгов. ОХУ гэхэд л, хоёрдугаар сараас улаанбуудайн экспортод квот тогтоохоор болсон байна. Тиймээс цаашид гарах нөхцөл байдлаас урьтаж нийлүүлэлт болон нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авч буйг онцлов. 

 

Тэрээр, УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар өчигдөр аймгуудын Засаг дарга нартай цахимаар хуралдсан бөгөөд нөөцөд байгаа өнжмөл өвсийг үнэгүй, гэхдээ энэ жилийн шинэ өвстэй холиод өгөхийг чиглэл болгосон гэлээ. Өвөлжилт нэн хүндрэх төлөвтэй байгаа Баянхонгор аймгийн удирдлагад УИХ-ын дарга онцгойлон чиглэл өгсөн гэдгийг дурдав. 

 

Дараа нь Байнгын хорооны гаргасан дөрвөн найруулгын саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

эх Сурвалж bataar.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.