Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Арван хоёр дахь өдөр


Дотооддоо коронавирусийн халдвар алдаж, улсаараа хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ. Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүсийг татаж эхэлж байх 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж байгаа хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх.

Өглөөний цайнд сүүтэй будаа ирсэн, цэлмэг нартай бас цэнгэг дулаахан сайхан өдөр эхэлж байна.

Үдийн алдад Халдвартын тандалт судалгааны төвөөс хүн ярьж асуумж бөглүүлэв. Ингээд нийтдээ хорооны цагдаа, эрүүгийн цагдаа, халдвартаас гурван удаа ярьж, гурван адил зүйл дахин дахин асуулаа. Уг нь “бидний” дундын мэдээллийн сан энэ тэр гэж байдаг бол олон хүн давхар ажил хийхгүй, энэ хэрээр зардал мөнгө, цаг хугацаа хэмнэхээр санагдах юм. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэж байгаа өнөө үед их өгөгдөл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан ашиглаад энэ зэргийн мэдээллийн баазыг манай залуус дор нь хийнэ дээ. 11:00 цагийн мэдээгээр сэжигтэй байж болох бүх хүнээс шинжилгээ авч дууслаа гэж мэдэгдэв. Бидний тооцоогоор бол сэжигтэй хүмүүсийн тоо гүйцээгүй. Тэрийг нь ч холбогдох хүмүүст нь дамжуулав.

Сайхан дулаахан өдөр тул өдөр эмчийгээ гуйж байгаад нөгөө тагтан дээрээ гарч, салхинд хэсэг зогслоо. Хажуу тагтныхан ч бас нарлаж байна. Халдварт явсан залуугийн шинжилгээ нь зүгээр гарчээ. Өчигдөр, өнөөдөр хоёр овоо давстай хоол өгч байна. Манай өрөөний гурав заримдаа идэж чадахгүй, талыг нь асгасан. Надад бол шорвогдуу санагдсан ч идэж болохоор байсан тул бүгдийг нь тууж л орхисон. Манай өрөөнийхөн нөгөө тагтны залуусаас хоол чинь аймаар шорвог байна уу гэж асуухад “Өө тэр мэрийг нь мэдсэнгүй ш дээ, бидэнд порц нь л чухал болохоос биш тэр шорвог энэ тэр нь сонин биш ээ” гээд тав нольдож харагдана билээ. Хоол оруулж ирдэг эгч маань ч биднээс илүүтэйгээр хоног тоолж буй бололтой. Цай аягалах зуураа одоо юу байхав дээ, гуравхан хоног үлдлээ шүү дээ гэж хэлэх нь биднийг хурдан гэртээ хариасай гэх сэтгэлийнх мэт.

Сэрүүн газар монгол дээл шиг сайхан зүйл байдаггүй юм байна. Юүдэнтэй цамц, элдэв долоон юм давхарлаж өмсөөд өмсөөд дээлийг гүйцэхгүй юм байна. Гарч байгаад сайхан хөвөнтэй дээл хийлгэж авна аа. Эсвэл бэлэн зардаг газрууд зөндөө байгаа биз дээ, “Нарантуул”-аас авахуулаад. Ах хүү бол хөвөнтэй, хурган дотортой, дан гээд 10 гаруй дээлтэй гээд л бааварлаад байна билээ. Карантинаас дээл мээлээ нөмрөөд гарвал аймаар харагдах байх даа ккк.

Хүүхэд өвдөхөөрөө ээж, айхаараа ааваа үгүйлдэг гэнэм. “Нэпко кидс”-ийн залуус цаг үеэ мэдрэн хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн хөөрхөн ном гаргажээ. Яг л миний түүх зурайж байлаа. “Тагнуулч хүү Одко вирустэй тэмцсэн нь” гэдэг энэ зурагт номыг монгол ген энэ тэр гээд ирваатаад байдаг зарим нэг насанд хүрсэн хүмүүст яг энэ коронавирусийн үеэр хүүхдүүдээс илүүтэйгээр уншуулмаар санагдав. Хүүхдүүддээ та нар энэ номыг авч өгөөрэй, номын дэлгүүрүүдээр тараад эхэлсэн гэсэн шүү:)
 

“Цангаад байна” гээд байхаар тэгсэн үү яасан  “Нэпко кидс”-ийн залуус ирж хүүхдийн номын дээжээ барингаа Ван Сюфэнийн “Цайны түүх” гээд сайхан номыг нэлээд олон масктай цуг бэлэглэлээ. Баярлалаа та бүхэнд! Цайны түүх их сонирхолтой юм. Хятадууд цайгаа үндэсний ижилсэлтэйгээ холбон тайлбарлаж ойлгон итгэдэг аж. Сайн чанарын шар айраг, архи хийдэг шиг цэвэр, цэнгэг ус сайн цайны хамгийн чухал орц ажээ. Түүнчлэн зөв хандлахаас авахуулаад буддын шашин ба цай хоорондоо хэрхэн бие биенээ нөхцөлдүүлэн хөгжсөн тухай бичсэн гоё ном байна. Манайхан цагаан идээ, айргаараа ийм гоё түүх, ном хийгээсэй!

Орой гэнэт та бүхнээс шинжилгээ авахаар болсон тул өрөө тасалгаагаа бэлдэж байгаарай, хамгаалалтын хувцастай хүмүүс хараад битгий сандраарай гэж сануулав. Уг нь ажиглалтад байхад янз бүрийн шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ авахгүй гэж байсан юм. Удалгүй хамгаалалтын битүү цагаан хувцастай хүмүүс ирж бид дөрвөөс, манай давхрын (манай байрны бусад хүмүүсээс авсан байх) хүмүүсээс хоолой, хамарнаас арчидас аваад, гарахдаа өрөө ариутгаад гарлаа. Хариу нь 24-48 цагийн дотор гарна гэсэн. Нөгөө хэд хоногийн биднийг “айлгасан” цагаан хувцастай хүмүүс манай өрөөнд ингээд ороод ирнэ гэж тухайн үедээ бодоогүй. Айгаагүй ээ айгаагүй. Гэхдээ хаа хаанаа сүртэй л юм билээ өөрийгөө нэг тийм харь гарагийн, эсвэл өвөрмөц бодгаль гэж төсөөлөөд ккк. Биш ээ, тэд нар харь гарагийн хүмүүс шиг ч юм уу?

Шинжилгээгээ өгчихөөд “Contagion” киног үзээд яг дотор нь орчихсон бэмбэгнээд сууж байтал энэ ээлжийг ахалж байгаа эмч, манай хоёр эмчтэй гурвуулаа гэнэт ороод ирэв. Удалгүй намайг толгой эргэтэл загналаа. Киноноосоо тэр дороо гарч чадахгүй хэсэг гайхаж зогслоо. Өдрийн тэмдэглэлээс болж дахиад л асуудал үүсжээ. Хамгийн сүүлд арван жилийн сургуульд байхдаа хэрэг хийгээд ангийн багшдаа ингэж нэг “алуулж” байсан минь санаанд оров. Ахлах эмчид загнуулсан түүхээ бичвэл нэлээд урт пост болох гээд байгаа тул дараагийн постоор тайлбар мэдээлэл оруулъя. “I will see you bro” гээд ах хүүг даапаалаад байсан чинь эмч нар намайг, миний тэмдэглэлийг бас өдөр болгон уншаад “We also see you babe” гээд суудаг юм байна ккк.

Баахан хүмүүс 12 дахь өдрийн тэмдэглэл нэхээд. Утсаар хүртэл ярьж байна, эхнэрээр хүртэл яриулж байна. Зарим нь бүр чи карантинаасаа оргочихсон юм уу ч гэж байх шиг. Тэвчээргүй бас сүртэй шд, оруулах гэж л байна даг ккк. Эмчид аймаар загнуулаад нэмж тэмдэглэл оруулах наастргүй болчихсон байсан юм өө:(

Үргэлжлэл бий…

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.