Нэр цохсон, ширүүхэн үгстэй Ерөнхийлөгчийн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 27-нд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, 58 минутын турш үг хэллээ. Учир нь түүний өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээгүй тул төслүүдээ татан авч байгаагаа мэдэгдсэн юм.

Ингэхдээ өөрийн санаачилсан хуулийн төсөл яагаад чухал болох, хэлэлцэхээс татгалзсан шалтгаан нь улс төртэй холбоотой гэдгийг нэлээд ширүүхэн шүүмжилсэн юм. Түүний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг УИХ хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсон тул ийнхүү өөрийн байр суурийг илэрхийлж байна гэдгийг тэрбэээр үгнийхээ эхэнд онцолсон.

Ерөнхийлөгч 58 минутын турш нийт 6402 үг хэлсэн бөгөөд энэ нь 15 орчим нүүр, нийт 219 өгүүлбэрээс бүрджээ.

Нэр цохсон, ширүүхэн үгстэй Ерөнхийлөгчийн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал хэт их улс төржсөн, иргэд олон нийтийг илэрхий төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монгол төрийн уламжлалд үл зохицох арга байдлаар явагдах болсонд харамсаж байна.
  • Шүүхийн асуудал бол хэдхэн шүүгчийн асуудал биш, шударга ёс тогтоох, шударга нийгэм байгуулахад голлох нөлөөтэй, ард иргэдийн амьдрал, хувь заяаг шийдвэрлэх онцгой үр дагавартай шийдвэрүүд гаргадгаараа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдэд зүй ёсоор хамаарах өргөн хүрээний асуудал.
  • Шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал улс төрийн нэг нам, түүний доторх бүлэглэл фракцийн хэмжээнд, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүдийн явцуу ашиг сонирхлыг хангах байдлаар бус Монгол Улсын иргэн бүр хүний ёсоор үнэлэгдэж хуулийн өмнө эрх тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх,
  • Татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй ёсыг халах зорилготой.
  • Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан УИХ-ын гишүүн асан, МАН-ын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй.
  • МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой, эрээ цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж, асуудалд хүч түрж, хэт улс төржсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй.
  • Шүүхийн асуудал бол хэдэн шүүгчийн биш ард иргэдийн амьдрал, хувь заяатай холбоотой асуудал гэж хандах тул элдвээр мушгин гуйвуулж, улс төржихгүй байхыг Монгол ардын намын бүлгийн гишүүдэд мөн анхааруулъя.
  • Би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна.
  • Хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй ээ.
  • Хуулиар хонгил бэлддэг нөхдүүд одоо ч мөн хуулийн аргаараа, мөн л шинэчлэлийн гоё сайхан уриагаар халхавчлан, нөгөө л зорилгынхоо төлөө улайран ажиллаж байгаа нь нууц биш, ил болсоор байна.
  • Шүүхийн асуудлыг хэт улс төржүүлж, шинэчлэл өөрчлөлтийг эхлүүлж, удирдаж байгаа мэтээр өөрийгөө дөвийлгөн бусдыг гутаах гэсэн өчүүхэн зорилгоо орхи, үлгэрээ зогсоо, ашиг сонирхлоо тат, асуудалд нухацтай ханд.
  • Аливаа асуудал мөн шалтгаантай, бас шийдэлтэй байдаг. Монгол төрийн түүхэнд үндэсний эрх ашгийг дээдэлсэн, нэн чухалд тооцогдох олон бодлого нуран унаж байсныг бид бас мартах учиргүй ээ.
  • Шударга, сайхан байсан шүүхийн тогтолцоог нураасан юм шиг, Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн шүүгч нарыг хүссэнээрээ чөлөөлж, огцруулах эрх мэдлийг олж аваад түүнийгээ дур зоргын байдлаар хэрэгжүүлээд байгаа юм шигээр олон нийтийг илт төөрөгдүүлсэн, бодит байдлыг илэрхий мушгин гуйвуулсан үзэл суртлыг нийгэмд түгээж, шүүхийн шинэчлэл нэгэнт эхэлсэн, холбогдох хуулийн төслүүд Улсын Их Хурлын түвшинд хэлэлцэгдээд эхэлчихсэн байхад тусгайлсан хууль өргөн барьж, өөрсдөдөө тохирсон бяцхан улс төр хийж байгаа нь өрөвдөлтэй, бас эмгэнэлтэй санагдаж байна. 
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөл аливаа асуудлыг энэ хүрээндээ харж, шийдвэрлэн ажилладаг болохоос шүүгчийн ёс зүй, мэргэжлийн алдаа, сахилгын зөрчил мэтийг хэлэлцдэг, ийм шалтаг шалтгаанаар, эсвэл бүр ямар ч үндэслэл шалтгаангүйгээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг, өөрсдийн үзэмжээр халж солих шийдвэрийг хуйвалдан гаргадаг өчүүхэн зорилготой байгууллага огт биш юм. Үүнийг хоёрхон хууль уншаад бүрэн ойлгож болно.
  • Монгол түмний хүсэн хүлээж байгаа шударга ёс, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг ийм хэмжээнд харж хийх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь бүрэн алдагдуулж байгаа юм. Үүнийг ганц би биш хууль зүйн салбарын чамгүй олон эрдэмтэн судлаачид, хуульчид хэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нийгмийн хөгжил, нийтийн эрх ашигт нийцүүлэн засаж сайжруулах шаардлагатай гэсэн байр суурийг давамгай илэрхийлж байгаагаас бүрэн харж болно.
  • МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр энэ боломж өнөөдөр бүрэн хаагдаж, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчдын санал ор тас хаягдлаа.
  • Шүүх эрх мэдэлд өнөөгийн улс төрийн намуудын арга барил, замналыг тулгаж огт болохгүй.
  • Ноёрхлоо тогтоож чадсан бүлэглэл, фракц нь бүхнийг мэддэг, шийддэг, бусад шүүгч нартаа нөлөөлдөг, хууль бус аливаа дарамт, шахалтыг үзүүлдэг нэн зохисгүй байдалд шүүхийг оруулах, шүүгч өөрийн эрх ашгийг хамгаалах шаардлагын үүднээс аль нэг бүлэглэл, фракцид эрхгүй татагдан орох, нэгдэх байдлаар хараат бус байдлаа бүр мөсөн алдаж, өнөөгийн байгаа нөхцөлийг улам дордуулах эрсдэлд хүргэнэ.
  • Шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй.
  • МАН-ын гишүүд Та бүхэн хууль тогтоох үйл ажиллагаанд хэт олонхоороо эрдэж, ингэж хүч түрэн, дур зоргын байдлаар хандах нь ямар эрсдэл дагуулж, ард түмний жигшил дургүйцлийг дээд зэрэгт хүргэдгийг өөрсдийнхөө 2017 онд баталсан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг будилаантуулах замаар зарим нэгэндээ хамаарч, хардагддаг олон зуун тэрбумын хохиролтой, 13 авлига, албан тушаалын хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгоход хүргэсэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөсөө бүрэн харж болно.
  • Шүүх зөвхөн шүүн таслах ажлаа эрхэлбэл зохих бөгөөд шүүгчид бас ямар нэг байдлаар давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй гэдгийг хэлье.  
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж огт болохгүй гэдгийг хатуу хэлье.  
  • Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй.
  • Сүүлийн таван жилд буюу 2015 оноос энэ оны эхний хагас жилийн байдлаар давхардсан нийт тоогоор 1,943 шүүгчид холбогдох 1,303 гомдлыг хүлээн авч шалгаснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч түүний 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, зөвхөн 18 шүүгчид л сахилгын шийтгэл хүлээлгэсэн үр дүнтэй ажиллажээ.
  • Энэ бол өнөөх хонгилын нэг үзүүр, тасалбал зохих ёстой сэжим гэдгийг харуулсан бодит үзүүлэлт.
  • Шүүхийн нэр хүнд ямар байгааг Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хамгийн ихээр авилгад автсан, хүнд суртал нүүрлэсэн салбарын тоонд манлайлан явж байгааг тогтоосон судалгаа хүртэл байна.
  • Шүүхийг шинэчилнэ хэмээн хөөрцөглөж, гоё сайхан уриа лоозон болж яваа эрхмүүд шүүгчийн хараат бус байдал хэмээн ярьж дөвчигнөхөөс сахилга, хариуцлагыг нь дээрдүүлэх асуудлыг ор тас хөндөхгүй, ярихгүй байгааг нь би үнэхээр гайхаж байна.
  • Нийтээр хэлэлцэж, зөвлөлдөж, зүтгэн байж хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ингэж үнэгүйдүүлэх, ач холбогдлыг нь алдагдуулах, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хөсөрдүүлэх, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх бус өөгшүүлэх ийм бодлого нь өнөөгийн өөрчлөлт, шинэчлэлт мөн үү. Би хувьдаа шинэчлэлт биш гэж үзэж байна.
  • Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын дагуу ард түмэнд, түүний төлөөлөлд өгсөн эрхийг аархан булааж болохгүй.
  • УИХ-д олонхийг бүрдүүлсэн намын, үүний дотор улс төрийн нам дахь уул уурхай, авлига, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой фракцийн хэсэг бүлэг улс төрчдийн эрхшээлд бүрэн оруулж, нураах гэж ядаж байгаа хонгилыг хуулиар хамгаалж, хуулийн дагуу сэргээн авч байгаа хэрэг бөгөөд өнө мөнхөд үргэлжлэхгүй ч өнөөдөртөө байгаа хэт олонхийн хүчээр Үндсэн хуулийг өшигчин, улайрч байгаа хэсэг нөхдийн энэ бусармаг үйлдэл нь өнөөгийн хямралыг дараагийн 30 жилд үргэлжлүүлэх болхи явдлын үндсэн суурь болно.
  • Сонгууль бүрийн дараа төрийн албанд халгаа сэлгээ өрнөж, албан хаагчдыг хямраадаг байсан бол одоо шүүх эрх мэдлийг савчуулж, шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдалд улс төрчид эрээ цээргүй халддаг болох нь. Үүнийг би эрс эсэргүүцэж байна.
  • Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондоо харилцан тэнцвэртэй, хяналттай байх нь хэн ч үл зөрчих Монголын их цааз, Үндсэн хуулийн шаардлага гэдгийг хатуу анхааруулъя.
  • Шүүгч хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ багцаалддаг бус шударга мэдлэгээр хууль ёсыг тогтоодог байх шаардлагатай гэдгийг хэлье. 
  • Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт иргэний хяналт хэрэгтэй юм бол иргэдийн төлөөлөгч нь мануухай шиг байж болохгүй гэдгийг хэлье. Шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд иргэний хяналт байх ёстой юм бол тодорхой үүрэгтэй байх шаардлагатай.
  • Шүүхийн шийдвэр биелдэггүй, биелүүлдэггүй бусармаг байдлыг шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй авч үзэж, зохих бодлого, зохицуулалтыг тусгах ёстой, бас тийм шаардлагатай байгаа нь нэн тодорхой юм.
  • Шүүгчийн хараат бус байдлыг хангахад юуны түрүүнд шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, шүүн таслах үйл ажиллагаанд нь хууль бусаар оролцож, дарамт шахалт учруулдаг байдлыг бүрэн халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай.
  • Ерөнхийлөгчийн бүрэн эрх бол иргэн Х.Баттулгын эрх биш юм. Би энэ үүднээс, ирээдүйн олон Ерөнхийлөгчдийн өмнөөс асуудалд хандаж байна.
  • Манай анхны ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид гуай нэгэнтээ “хуульд үг нь байтугай таслал нь хүртэл утгатай байдаг” хэмээн хэлж байсныг Улсын Их Хуралд сууж байгаа хуульч гишүүд мэдэх байх. Хоёр хуулийн төсөлд цэг, таслал гэлтгүйгээр бодлого, зарчмын зөрүүтэй олон асуудал байна. Та бүхэнд хүсэл, эрмэлзэл байвал анхаарч, судлаарай.
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол ач холбогдол болсон шүүх эрх мэдлийн асуудлыг хатуу хөл хорио, онцгой дэглэм тогтсон, ард түмний элч болж ажиллах ёстой УИХ-ын гишүүд нь чуулганыхаа хуралдаанд өөрийн биеэр ирж, итгэл үнэмшлээрээ оролцох боломжгүй ийм үед, яаран сандран, цахим гэгч хурлаар, дэлгэцний цаанаас хоосон хөндий хэлэлцэхээр улайрч байгаа нь ямар эрх ашигт дөрлөгдсөнийг таах аргагүй буюу туйлын хариуцлагагүй, бас болчимгүй алхам болж байна.
  • Хуулийн байгууллага, шүүх хараат бус, ямар нэг шахалт дарамтгүйгээр ажиллаад эхлэхээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санг үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар тонон дээрэмдсэн, Хөгжлийн банкны хөгжлийн зээлийг хамаарал бүхий аж ахуй нэгжүүдээрээ хуу хамсан, уул уурхай, ашигт малтмалын лицензийг олноор эзэмшигч бүлэглэл, фракц, олон зуун сая долларын оффшор данс эзэмшигчид, татвар төлөгчдийн мөнгийг чадамжгүй болсон банкинд хийж хувьдаа асар их хэмжээний хөрөнгө олж, банкийг дампууруулан, эргээд татвар төлөгчдөөр төлүүлдэг, авлига, хээл хахуулийн мөнгийг газар, барилга, банк бус санхүүгийн байгууллагуудаараа угаадаг, монгол төрийн эрх ашгийг уландаа гишгэн гадны иргэн, аж ахуй нэгжтэй үгсэн хуйвалдаж төрийн эсрэг гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг этгээдүүд өнөөдөр шүүх, хуулийн байгууллагад өөрсдийн хяналтийг тогтоох зорилгоор увайгүйгээр дайрч, Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхээр чармайж байгаа нь ил  тод болж байна.
  • Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн томоохон ордууд болох Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойг тойрсон МАНАН бүлэглэлийн 7 Ерөнхий сайдаар толгойлуулсан улс төр, бизнесийн бүлэглэл, фракцуудын оролцоогоор нэн идэвхтэйгээр хийгдэж байгаа нь тодорхой боллоо.
  • Бусармаг аргаар хөлжсөн, хөрөнгө орлогоо нотлон тайлбарлаж чадахгүйд хүрсэн, түүнийгээ нууж хаах боломжгүй болсон, уул уурхай, авлига, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, хэсэг улс төрчдийн явуулга гэж үзэхээс өөр арга алга.
  • Монголын ард түмэнд хүний ёсоор амьдарч, хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх чин хүсэл, мөнхүү хүлээлт байгаа. Ямраар хариулах нь өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүний ёс зүй, нам бүлгийнхээ эрх ашгийг урдаа барин улс төржөөд байдаггүй аливаад эрүүл ухаанаар хандаж чадах гишүүдийн оролцоо, хүч түрэн бяралхдаг бус үнэн бодит байдлыг дүгнэж ард түмэндээ үйлчлэх ухамсар, чадвар бүхий төрийн түшээдийн алсын хараа, бодлого, зүтгэлээс шууд хамаарна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.

БАГЦ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.