“Бүх нийтийн бэлэн байдлын үед сэтгүүл зүйд тулгарч буй асуудлууд” сэдэвт цахим уулзалт


Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын үед сэтгүүл зүйд тулгарч буй асуудлууд”сэдэвт сэтгүүлч, редакторуудын цахим уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Цахим хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын 30 орчим төлөөлөл оролцсон бөгөөд хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор сэтгүүл зүй мэргэжлийн үүргээ гүйцэтгэх нөхцөл, боломж хумигдаж байгаа талаар хэлэлцсэн юм.

Мөн МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгийн редактор Б.Пүрэв, Ikon.mn сайтын орлогч эрхлэгч Р.Оюунцэцэг, Live телевизийн сэтгүүлч С.Будрагчаа, Сэлэнгэ аймгийн Миний Монгол ТВ, ФМ 107.5-ийн албаны дарга Д.Туул нар сүүлийн үед хэрхэн ажил үүргээ гүйцэтгэж байгаа болоод ямар саад бэрхшээлүүд тулгарч байгаа талаар мэдээлэл өглөө.

Ikon.mn сайтын орлогч эрхлэгч Р.Оюунцэцэг хэлэхдээ: “Хэвлэл мэдээллийн салбарынхан цар тахлын мэдээллийг авах мэдээллийн нэг цонхтой болсоноос мэдээллээ нягталж түгээхэд саад учирч байна. Асуулт асуух гээд залгахаар утсаа авдаггүй, албаныхан хоорондоо зөрүүтэй мэдээлэл өгч байна, мэдээлэл авах боломж хомс байгаа” гэлээ. Харин Live телевизийн сэтгүүлч С.Будрагчаа: “ Онцгой байдлын үед албаны эх сурвалжийг голлож түгээхийг шахаж, , сэтгүүл зүйн бусад эх сурвалжийг ашиглахад саад болж буй нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байна. Мөн зорчих эрхтэй 13 байгуууллагад хэвлэл мэдээллийн байгууллагыг багтаасан, байгууллагын логотой машин явж болно гэсэн атлаа 10-17 цагийн хооронд зорчихыг хязгаарласан. Энэ нь сэтгүүлчдэд ажил үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулж байна. Хотын захын, гэр хорооллын айл өрхүүд хөл хорионы үед ямар нөхцөл байдалд амьдарч байгааг сурвалжлах, мэдээлэх боломжгүй байна. Хуулийг давсан дүрэм, журмууд хэрэгжиж байна” хэмээн ярьсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр ХМЗ-ийн УЗ-ийн гишүүн, Шинэ Өсөлт сэтгүүлийн эрхлэгч И.Отгонжаргал “Хэвлэл мэдээллийн байгууллагуудад зорчих эрх олгохдоо зөвхөн өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад өгсөн нь учир дутагдалтай байна. Улирал тутам гардаг манай сэтгүүлийн хувьд гарч мэдээлэл авах, цуглуулах ажил байгаад байдаг. Гэтэл зорчих зөвшөөрөл авч чадахгүй байгаа нь хүндрэл болж байна” гэдгийг онцлов. Мөн MN25 телевизийн мэдээний албаны дарга С.Насанжаргал “Үнэндээ өнгөрсөн 14 хоногт бид Засгийн газар, УОК-оос машины зөвшөөрлийн талаар л асууж, гуйж, хэлэлцсээр өнгөрлөө. Сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж чадсангүй. Албаныханд хэвлэл мэдээлэл бол ийм цаг үед хамгийн түрүүнд байх ёстой, онцгой салбар гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Сэтгүүл зүйн олон төрийн бус байгууллагууд ажилласангүй, дуу хоолойгоо хүргэсэнгүй. МСНЭ л 10 хоногийн дараа нэг мэдэгдэл гаргасан. Цаашид энэ төрлийн байгууллагууд ажилламаар байна, нэгдсэн шийдэлд хүрмээр байна” гэлээ.

Энэхүү цахим уулзалт, хэлэлцүүлгийн дүнд салбарын эвсэл холбоодын хамтарсан уулзалт, ХХЗХ болон УОК зэрэг төрийн байгууллагуудтай цуврал уулзалтууд хийх, энэ хатуу хөл хорионы үед хэвлэл мэдээллийн салбар ямар нөхцөлд ажиллаж байгаа, хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хумигдаж байгаа болон тулгамдаж байгаа асуудлуудын талаар салбарынхан өөрсдөө ярилцлага өгөх, олон нийтэд мэдээлэл хүргэх, төрөөс гаргаж байгаа аливаа шийдвэр, хууль журмыг хэрэгжиж эхэлсэн хойно нь биш хэрэгжихээс нь өмнө хэвлэлийнхэн дуу хоолойгоо хүргэдэг, байр сууриа илэрхийлдэг байх хэрэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Эх сурвалж: ХМЗ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.