“Энэ удаа теле хичээлээр зөвхөн шинэ агуулга зааж байна”


Засгийн газрын өчигдөр (2020.11.23)-ийн хуралдаанаар арванхоёрдугаар сарын 1-нээс боловсролын бүх шатны байгууллагад танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, сургууль арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос зарим зүйлийг тодрууллаа.


-Засгийн газраас цэцэрлэг, сургуулийг ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл амраах шийдвэр гаргасан. Ирэх хоёрдугаар сараас хичээл сургалтын үйл ажиллагаа хэрхэн үргэлжлэх талаар санал боловсруулсан болов уу?

-Засгийн газар, Улсын онцгой комиссоос арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдал зарлаад буй. Бид ирэх хоёрдугаар сараас хойш яах эсэхийг мэдэхгүй учраас Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулсан. Одоогийн байдлаар арваннэгдүгээр сарын 11-нээс хойш сурагчид теле хичээл үзэж байна. Ирэх хоёрдугаар сард бүх нийтийн бэлэн байдал цуцлагдах уу. Хэрвээ цуцлагдвал хичээл сургалтаа яаж явуулах вэ гээд чиглэл авахаар танилцуулга бэлдсэн юм.

Хэрвээ танхимын сургалт явж байсан бол арванхоёрдугаар сарын 18-ны Баасан гаригт хичээл орж, нэгдүгээр улирлын амралт эхлэх байсан. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл хичээл сургалтын үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрээр явахаар болсон.

Үргэлжлүүлээд улирлын амралтаа эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Хэрвээ арванхоёрдугаар сарын 1-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, тодорхой хувилбараар хичээллэж болно гэвэл бид дараагийн хувилбараа судалж, хэрэгжүүлнэ.

-Одоо хүүхдүүд гэртээ хэдэн цагийн теле хичээл үзэж байгаа вэ?

-Цэцэрлэгийн бага, дунд бүлгийн нэг цагийн хичээл 10-15 минутын теле хичээл, ахлах, бэлтгэл бүлгийн хичээл бас 10-15 минутаар гарч байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг дээр дөрвөн бүлэг хоёр хоёроороо хоёр цагийн хичээл үзэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хичээл өдөрт хоёр цагийн хичээлийг 15-20 минутаар, 6-9 дүгээр ангийн хичээл нэг өдөрт гурван цагаар мөн адил 15-20 минутаар гарч байна. Харин 10-12 дугаар ангийн хичээл 20-25 минутаар гурван цагаар өдөр болгон хуваарийн дагуу телевизээр гарч байна. Танхимын сургалтаар шинэ агуулгаа үзчихээд, хичээлээ бататгах зэрэг нэг хичээл 3-4 цагаар явдаг бол теле хичээлийн хувьд зөвхөн шинэ агуулга үзэж байна.

Тиймээс үзсэн хичээлээ бататгахаас бусад зүйлийг ангийн багш эргэх холбоотойгоор ажиллана. Мөн ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн теле хичээлээс гадна тусгай хэрэгцээт боловсрол, насан туршийн боловсрол, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх хичээл өдөрт 2-3 цагаар тодорхой агуулгын дагуу гарч байна. Теле хичээлүүд зөвхөн ажлын өдрүүдэд гарна, амралтын өдрүүдэд давтан зааж байна.

-Хөл хорионы үед сурагчид теле хичээлээ үзэж, дасч эхэлж байна. Энэ удаа санал гомдол хэр их ирж байна вэ?

-Салбар яаманд теле хичээлтэй холбоотой маш олон санал, гомдол ирж байна. Үүнд, багш нар хичээлээ хурдан зааж байна, хүүхдүүдэд даалгавар өгөхгүй зэрэг асуудлаар ханддаг. Танхимаар нэг цагийн хичээл 40 минутаар ордог. Теле хичээл олон улсын жишиг, сурагчдын анхаарал төвлөрөх насны онцлогт тохируулан  10-25 минутад шинэ агуулга зааж байгаа юм.

Бусад зүйлийг сурагчид бие даан судалж, эцэг эхийн оролцоотойгоор давтаж, ангийн багш эргэх холбоотой ажиллах хэрэгтэй. Теле хичээлд бүх талаас оролцож баталгаажуулснаар үр дүнд хүрнэ. Энийг л манай эцэг, эхчүүд ойлгох хэрэгтэй. Теле хичээлийг давхардсан тоогоор 200-300 багш зааж байна. Зарим багшийн хичээл үнэхээр чанартай байгаа бол зарим нь цагтаа агуулгаа багтааж чадаагүй байхыг үгүйсгэхгүй.

-Одоо телевизүүдээр гарч буй хичээлийг өмнө нь бэлтгэсэн байсан биз дээ? 

-Бид өмнө нь цар тахлын нөхцөл байдал хүндэрнэ гэж урьдчилсан төлөвлөгөө гаргасан байсан. Өнгөрсөн тавдугаар сард Монголын телевизүүдийн холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулиудын бүх хичээлийн агуулгыг теле хэлбэр рүү шилжүүлсэн.

Тэр хичээлүүдээ редакторлаж, баталгаажуулаад, эфирт өгч байна. Хөл хорио тогтоосон эхний хоёр, гурав хоногт зарим нэг асуудал гарч байсан. Одоо хэвийн болсон.

News.mn А.СҮРЭН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.