Орцонд хүртэл хоног төөрүүлж яваа орон нутгийн иргэдийг “ШУЛАХ”-аа зогсооно уу!!!


Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эмнэлгийн тусламж болон бусад яаралтай үйлчилгээ авахаар түр хугацаанд нийслэлд ирсэн орон нутгийн иргэд хүнд нөхцөл байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байна.

Хөл хорионы үед айл дамжин хоног төөрүүлж яваа тэд ардаа бага насны олон хүүхэдтэй, асаргаанд байдаг ахмадуудтай гээд сэтгэл зовоосон асуудлуудтай зэрэгцэн төр засгийн шийдвэрийг “чих тавин” хүлээсээр байна. Бүр хүнд өвчтэй хүнтэйгээ хамт машиндаа хонож байгаа гэр бүл ч бий.

Албан бус мэдээллээр нийслэлд гацсан 10 мянга гаруй иргэн бий гэх мэдээлэл байгаа. Тэд орон нутаг руу, гэр рүүгээ буцах хүсэлтэй байгаа ч шинжилгээ хэрхэн өгөх, авах газрууд нь тодорхойгүй, утсаар холбогдсон ч, биеэр очсон ч тэдэнд шинжилгээ хийх  эсэхийг мэдэх, хариулт өгөх хүн байхгүй. Дээр нь УОК-оос тодорхойгүй, зөрүүтэй мэдээлэл хийж байгаа нь иргэдийг сэтгэлзүйн хүнд дарамтанд оруулж, өвдөх эрсдэл бий болгож байгааг тэд хэлж байгаа юм.

“Ядаж явахад яр” гэгчээр орон нутагт очсон иргэдийг нэг хоногийн 51800 төгрөгөөр тусгаарлах байранд байрлуулах гэрээ сошиал орчинд дэлгэгдэж, санхүүгийн асуудал яригдаж эхэлсэн нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Энэ нь нэг хүн орон нутагт очоод 725.000 төгрөг төлж тусгаарлагдана гэсэн үг юм.

Гэтэл бодит байдал дээр хүнд нөхцөлд өдөр хоногийг аргацааж буй иргэдэд ямар дарамт болох нь тодорхой. Нэг гэр бүлээс 2-3 хүн 14 хоног тусгаарлагдана гэж үзэхэд саяар тоологдох энэ мөнгө орцонд хоног төөрүүлж буй иргэдэд бий юу. 

Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийн магадгүй ихэнхэд нь одоогийн нөхцөлд ийм мөнгө байхгүй. Хөл хориогоо сунгахдаа очих газаргүй орон нутгийн иргэдийн асуудлыг шийдээгүйгээс болж очих айлгүй зарим нь машинд, орцонд хоног төөрүүлж, өвчлөх эрсдлийг бүр ихээр бий болгосон гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Эхнээсээ мөнгөгүй өлсөж үхэхийн даваан дээр байгаа нь ч нууц биш.

Корона гэнэт гараад ирээгүй, бараг 10 сарын өмнөөс Монгол Улс юу ч тохиолдсон бэлэн байхаар бэлдэж ажилаж байна гэсэн мэдээллийг иргэддээ байнга өгч байв. Гэтэл үнэдээ ямар ч бэлтгэлгүй байсан нь маш олон удаагийн эргэж буцсан шийдвэрийн хэрэгжилт, бодит байдлаас харагдаж байгаа. 

Иргэд очих газаргүй, яахаа мэдэхгүй зовж, төөрч явахад бидний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд бусад төлөөллүүд хаана байна вэ, яагаад бидний төлөө ажиллахгүй байна вэ хэмээн гомдож сууна. Тангараг өргөж, үүрэг хариуцлага хүлээж авсан хотын дарга нь хүртэл иргэддээ гомдоллож ялархаад эргэж буцсан шийдвэр гаргаж хохироож буй нь, УОК-ын удаа дараагийн авцалдаагүй мэдэгдэл мэдээллүүд иргэдийг бухимдуулж, дархлааг нь унагаж, сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхааралдаа авна уу.

 

Эх Сурвалж zuv.mn http://www.zaluucom.mn/read/5387d7g7g

Г.Сар

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.