БИД ХОХИРОЛ АМСАХ УУ!!! ЦАР ТАХАЛ | АЮУЛ | БИД БЭЛЭН ҮҮ...


Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш дотооддоо халдвар тархаагүй байсан цөөхөн улсын нэг нь монголчууд бид. Бүтэн 10 сарын турш тэссэний эцэст ард иргэдийн дунд халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүслээ.

Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор орж ирж, 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолооч болох 29 настай иргэнээс халдвар илэрч, нэгдүгээр хавьтлын 16 хүнийг тусгаарлав. Тухайн иргэдийн амьдарч байсан газар, гэрийг нь хамгаалалтад авч, хоёр иргэдийн маршрутыг судалж байна. Ойрын хавьтлын хүмүүс үзвэр үйлчилгээ үзэж, олон нийтийн газраар явсан тул дараагийн хавьтлын хүмүүсийг тогтоохоор ажиллаж байна.

Дэлхий дахин төдийгүй Монгол Улсад маш том сорилт болоод буй коронавируст цар тахлын бодит аюул тулгарсан энэ цаг үед бид бэлэн байдлаа хэрхэн хангасан бэ, бид бэлэн үү...


Эрсдэл: Хүн амын НЭГ хувьд тархвал 1.4 мянган хүн нас барна

Коронавируст цар тахал аюулын харанга дэлдэж хөл хорио тогтоосон нэгдүгээр сараас хойш Монголчууд бид хүн амын дунд тархах эрсдлийн үнэлгээг 12 удаа хийсэн юм.

Дээрх үнэлгээнээс үзэхэд хэрэв хүн амын дунд халдвар тархаж, нийт хүн амын нэг хувь буюу 32 мянган хүн халдварт өртвөл 4935 хүний биеийн байдал хүндрэх, 1645 хүний биеийн байдал маш хүнд болж эрчимт эмчилгээнд орох, 1481 хүн нас барах магадлалтай хэмээн тооцоолжээ.

Эмнэлгийн ор хүрэлцээтэй юу...

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэг 46, улсын хэмжээнд эмнэлгийн орны тоо 24.8 мянга байна. Гэвч эмнэлгийн төрөлжилт зэргээс шалтгаалан хасаж тооцвол энэ тоо даруй гурав дахин буурах юм.

Улсын онцгой комисс аравдугаар сард нэгэн тооцоолол гаргажээ. Уг тооцоололд Хан-Уул дүүргийн Эх, нялхсын 300 ортой эмнэлгийг 1000 ортой болгон өргөтгөх, Цэргийн төв эмнэлгийн 350, Түлэнхийн төвийг ашиглалтад оруулбал 200, Геронтологийн төвийн Амхадын эмнэлэгт 60, нийт 260 ор гарах боломжтой.

Хүний нөөцийн тухайд ХӨСҮТ-ийн клиник 250 хүн хүлээн авах чадалтай бөгөөд 35 их эмч, 60 сувилагч, 14 ариутгагч ажилтан ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Дээрх ажилчид өнгөрсөн хугацаанд 25 хоног (14 хоног өвчтөнтэй, 14 хоног эмнэлэг дээрээ ажилладаг)-оор ээлжлэн голомтын бүсэд ажиллаж байна.

Нөхцөл байдал хүндрэхээс өмнө

Дэлхий даяар халдвар дэгдэж эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 08-ны өдрөөс хойш давхардсан тоогоор 94 593 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс нийт 32 422 хүнийг тусгаарлаж, өчигдрийн байдлаар /2020.11.10/ 2398 хүн тусгаарлалтад байна. Үүнээс 374 хүнд халдвар илэрч 317 хүн эдгэрчээ. Харин 308 нь ажиглалтаас гарчээ.

Халдвар авсан хүмүүсийг хүйсээр нь ангилбал 262 нь эрэгтэй, 112 нь эмэгтэй байна. Халдварын дийлэнх буюу 120 гаруй нь 20-24 насны хүмүүс байгаа нь дэлхийн өөр улсуудтай харьцуулахад харьцангуй залуу байгаа юм.

Эмчилгээний хугацаа хамгийн багадаа 14 хоног, ихдээ 64 хоног байна. Эмчилгээний хоногийг дунджилбал 30 хоног болно.

Одоо яах вэ? 

Эрхэм уншигч та сандрахгүй байж худал мэдээлэлд автахгүй байж зөвхөн баталгаат эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье. Хэрэв ямар нэгэн эрсдэлтэй, ойрын хавьтлын хүмүүстэй ойрын хугацаанд харьцсан гэж үзвэл 119, 100, 80086829 дугаарт хандахыг зөвлөе. 

Одоо бүгд Онцгой комиссын шийдвэрийг даган, гэр гэртээ тусгаарлагдаж, Улсын онцгой комиссынхонд ажлаа хийх боломж олгоё. Тэд энэ өдрүүдэд алдсан тахлынхаа цар хүрээг тогтоож, шинжилгээнүүдээ авч дуусгаг. Тэдэнд ажиллах боломжийг нь өгьe.
 

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?
 

  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
  • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
  • Гараа сайтар савандаж угаах
  • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Гадуур явахдаа бээлий өмсөх
  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх
  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй байх
  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
  • Шүлсээ хаяхгүй байх
     

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?
 

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:
 

  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
  • Холбоо барих хүний утасны дугаартай байх
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
  • Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
  • Сайн унтаж амрах
  • Тайван стрессгүй, ядрахгүй байх
  • Дулаан хувцаслах, даарахгүй байх
  • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
  • Олон нийтийн газраар явахгүй байх
  • Амны хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах
  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.