Коронавирусийн эсрэг вакцин 90 хувийн ҮР ДҮНТЭЙГ баталлаа


АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины туршилтын урьдчилсан дүгнэлт өчигдөр орой гарчээ.

Вакцины эцсийн шатны туршилтыг сайн дурынхан дээр хийхэд 90-ээс дээш хувийн үр дүнтэйгээр Covid-19 өвчнөөс хамгаалж байгаа нь тогтоогдсон байна.

Компаниуд энэ сарын сүүлээр вакциндаа АНУ-ын засгийн газраас зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Уг шинэ вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр тун хийх шаардлагатай гэнэ. АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк улсуудад явуулсан туршилтын дүнгээс харвал хоёр дахь тунг хийснээс хойш долоо хоногийн дараа хүний биед 90 хувийн хамгаалалт тогтож байжээ.

Гэхдээ энэхүү дүгнэлт нь 94 хүн дээр хийсэн туршилтын үр дүн бөгөөд дэлхийн зургаан улсын 43,500 хүн дээр хийсэн туршилтын бүрэн дүгнэлт удахгүй гарах юм байна.

Pfizer компанийн ерөнхийлөгч, доктор Альберт Бурла, BioNTech компанийн үүсгэн байгуулагчдын нэг, профессор Угур Сахин нар энэхүү үр дүнг коронавирусийн эсрэг вакин бүтээх үйлсэд гарсан “томоохон дэвшил” гэж нэрлэжээ.

Хэрвээ АНУ-ын засгийн газраас энэ сард багтаж зөвшөөрөл авч чадвал оны сүүл гэхэд хязгаарлагдмал тооны хүнийг вакцинжуулж амжих юм байна.

Туршилтын бүрэн дүгнэлтийг арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт гаргаж амжихаа Pfizer, BioNTech компаниуд мэдэгджээ. Тэд энэ оны сүүл гэхэд 50 сая тун вакцин гаргаж чадах бол 2021 оны сүүл гэхэд 1.3 тэрбум тунг нийлүүлэх боломжтой гэнэ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Жо Байден туршилтын үр дүнг “онцгой сайхан мэдээ” гэж нэрлэжээ. Гэхдээ Covid-19 тахалтай хийх тэмцэл дуусах болоогүйг тэр америкчуудад анхааруулсан байна.

Оксфордын их сургуулийн профессор Питер Хорби “Энэ мэдээ намайг нүүр дүүрэн инээлгэж чадлаа. Энэ бол үнэхээр сайхан мэдээ. Вакцины үр дүн харагдах хүртэл урт хугацаа байгаа ч үүнийг эргэлтийн чухал цэг гэж би бодож байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.