Б.Ширнэн: PR-ийн агентлагууд зөвхөн захиалагчид биш сэтгүүл зүйд ч үйлчилж байх хэрэгтэй


“Mention” олон нийттэй харилцах агентлагийн эрхлэгч Б.Ширнэнтэй олон нийттэй харилцах агентлаг болоод хэвлэл, мэдээллийн салбарын зарим асуудлаар ярилцлаа. Тэрбээр өдөр тутмын сонин, телевизийн салбарт сэтгүүлчээр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж  байсан юм.

-Хэвлэл, мэдээллийн салбар болоод PR (public relations – олон нийтийн харилцаа) агентлаг гэх газруудын талаар ярилцах хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Одоо хэд дэх жилдээ хэвлэл, мэдээллийн салбарт ажиллаж байна?

-Урьсанд баярлалаа. Өдөр тутмын сонин, телевиз, Төрийн хэвлэл, мэдээллийн албанд гээд нийт 10 орчим жил ажиллаж байна. Салбартаа залуу сэтгүүлч гэж тооцогдоно.

-Заримдаа олон нийтийн сүлжээнд хэвлэл, мэдээллийн салбарын талаар их шүүмжлэлтэй зүйлс бичсэн харагддаг. Салбарынхаа хөгжлийг ямар байна гэж хардаг вэ?

-Нийт салбарын хэмжээнд хувийн дүгнэлт өгч чадахгүй. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр энэ жил Монгол 73-т бичигдсэн байсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд өдөр бүр мэдээ бичсэн ч олон нийтийг биш Төрийг төлөөлж байсан учраас яг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд ямар бэрхшээл учирч, ямар хүндрэл учирсан хэвээр байгааг нарийн сайн хэлж чадахгүй.

Гэхдээ өдөр бүр сэтгүүлчидтэй харилцаж байсны хувьд мэдээлэл олж авахтай нь холбоотой зарим төрлийн цензур байдгийг хүлээн зөвшөөрнө. Наад зах нь нууцлах шаардлагагүй зарим мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар нууцалдаг, ингэснээр хэвлэлийн ажилтнууд үүрэгжээд хариулж болохоор зүйлсийг хэлж чаддаггүй тохиолдол бий. Яг сэтгүүлчийн өнцгөөс харахаар ихэнх асуудал үнэхээр нууцлах шаардлагатай юу гэвэл, үгүй. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай нийцүүлэн өөрчлөх ёстой энэ мэт асуудал бий. Мэргэжлийн хүмүүс, салбарын байгууллагууд нь илүү нарийн ярих, шаардах хэрэгтэй байх.

-Монголд Төрийн болон байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба цөөнгүй. Үүнд нь, ихэвчлэн сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс ажиллаж байна. Нөгөө талд нь олон нийтийг төлөөлж ажилладаг сэтгүүлчид бий. Энэ зааг ялгааны талаар асуумаар байна. Мэдээж ялгаатай тийм үү?

-Тийм. Хэдийгээр бид ижилхэн сэтгүүлч мэргэжилтэй, ижил стандартаар, арга туршлагадаа үндэслэн мэдээ бичдэг боловч хэвлэлийн ажилтнуудыг яг сэтгүүлчтэй адилтган үзэх боломжгүй гэдэгтэй тантай санал нийлж байна. Хэвлэлийн ажилтнууд төлөөлөх чадварын хувьд ч тодорхой сонирхлын бүлгээр хязгаарлагддаг.

Гэхдээ хэвлэлийн ажилтнуудын үүрэг, оролцоо хэвлэл, мэдээллийн салбарт тийм ч бага биш. Адаглаад л бичсэн мэдээ нь өөрчлөгдөхгүйгээр олон нийтэд хүрдэг тул одоогийн статуст нь анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг.

Ядаж л Төрийн өндөрлөгүүд, яамдын хэвлэлийн албанд мэдээ бичдэг хүнийг нь Төрийн албан хаагч болгоод даргад биш үйл явдал, бодлогод тулгуурлаж мэдээ гаргадаг, яам, агентлагаа арван хуруу шигээ мэддэг байлгах нь зөв гэж харсан. Хамгийн гол нь мэдээлэл ил тод байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй, тэр чиглэлээр нь чадавхжуулдаг байвал зүгээр байх. Одоо бол нэг сайд, дарга өөрчлөгдөхөд ганцхан хэвлэлийн төлөөлөгч биш тухайн хэвлэлийн албаны бүх хүн нь өөрчлөгдөөд, бүх харилцаа холбоо шив, шинээр эхлээд байдаг. Хамгийн тогтворгүй Засгийн газартай гэдэг шиг л хамгийн тогтворгүй хэвлэлийн алба, хэвлэлийн төлөөлөгчтэй улс байх. Мэдээж, улс төрийн өнгө аясыг нь тодорхойлдог хүн нь солигдоод байж болно.

Хэвлэлийн төлөөлөгчид ч нэг жанжин шугам, сэтгүүл зүйн ёс зүйн зарчим гэдэгтэй адил зүйлтэй болох шаардлагатай гэж бодож байна.

-Хэвлэлийн төлөөлөгчид гэсэн холбоо байдаг санагдах юм?

-Байдаг. Би үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй тул сайн мэдэхгүй юм. Ёс зүйн асуудал гэхээс илүү эрх ашгийг нь хамгаалах чиглэлд ажилладаг юм болов уу.  

-Ес зүйн хувьд хэвлэлийн ажилтнуудад харилцаа хандлагаас эхлээд анхаарах зүйл байдаг гэдэг нь мэр сэр мэдрэгддэг л юм.

-Тодорхой бариад авах дүрэм, журамгүй тул хувь хүн давамгайлсан хандлага гаргадаг. Ер нь хэвлэлийн ажилтнууд, бүгд биш ч ихэнх нь ямар ч чиг баримжаагүй ажиллаж байна. Өөр дээрээ жишээ авахад анх Төрийн хэвлэл, мэдээллийн албанд ороод л би сэтгүүлч мөн үү, бишүү гэдгээс эхлээд ямар ч тодорхойлолтгүй болчихсон. Сэтгүүлчийн талаас нь ажил мэргэжлээ мэдээд байгаа ч мэдээлэл гаргах талаас бариад авчих ямар нэг бичиг баримт, уншаад судлах ном, сонин байгаагүй. Судлаагүй, судлагдаагүй салбар юм шиг санагдсан.

Ингэхээр тухайн хэвлэлийн алба, түүнд ажиллаж байгаа хүмүүсийн хувийн зан чанар, холбоо харилцаа, мэдрэмж дээр л Төрийн мэдээлэл явж байна. Энэ тийм ч сайн үр дагавартай биш шүү дээ.

Битүүхэндээ өмнө нь хэвлэлийн албад хариуцаж байсан олон хүн яагаад энэ асуудлаар ном, сонин бичиж хойч үедээ юм тэмдэглэж үлдээгээгүй юм бол гэж бодсон. МУИС, Хэвлэлийн хүрээлэн гэх мэт газрын цөөн багш л олон нийттэй харилцах ерөнхий онолын ном бичсэн байдаг. Яг практикт тулгуурласан, монголын нөхцөлд тохирсон ном, судлагдахуун бол байхгүй.

Одоо УИХ-ын Олон нийттэй харилцах албанд ажиллаж байгаа Ш.Содномжамц, Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүй, өмнө нь Ерөнхийлөгчийн хэвлэлийн ахлах ажилтан байсан Д.Оюунцэцэг нар шиг олон нийттэй харилцах салбарт арвин туршлагатай  сэтгүүлчид арга, туршлагаа ном сонин болгож хэвлүүлээсэй, Монголын хөрсөнд буулгаад хуваалцаасай гэсэн бодолтой явдаг.

-Сүүлийн үед гэхдээ мэргэшүүлэх сургалт их болсон байна билээ?

-Тийм байна. Олон улсын байгууллагууд хөрөнгө мөнгө гаргаад сэтгүүлчдийг олон нийтийн харилцааны чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулдаг болсон. Тэгэхээр ойрын ирээдүйд энэ төрлийн мэргэжилтнүүд нэмэгдэх байх.

-Олон нийттэй харилцах чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшүүлдэггүй тийм үү?

-Монголд бол олон нийтийн харилцаа, PR гэсэн чиглэлээр зэрэг эзэмшүүлдэггүй юм билээ. Сэтгүүл зүйн ангид цөөн хэдэн хичээл ороод өнгөрдөг. Гэтэл бусад улсад бакалавр, магистр, докторын зэрэг өгч байна гэдэг чинь манайд энэ хэмжээний мэдээлэл, харилцаа, боловсон хүчин дутагдалтайг л илтгэнэ.

-Одоо бол та олон нийтийн харилцааны чиглэлээр ажиллаж байгаа юм байна. Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компани олон байдаг уу?

-Цөөнгүй. Гэхдээ PR гэсэн үг монголын нөхцөлд хар бараан ойлголтоор бүр нутагшчихаж. Олон нийттэй харилцах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг PR компаниудын ихэнх нь далд, үйл ажиллагаа нь ил тод биш байна. Энэ нь ч арга технологитой нь холбоотой байх.

Зөвхөн улс төрийн хүрээнд авч үзвэл хамгийн их PR гэж хэрэглэгддэг үе нь мэдээж улс төрийн сонгууль. Ингээд улс төрийн сонгуулийн явцыг нь үзвэл, дайрч давшилсан, хар бараан мэдээлэл давамгайлдаг. Сонгууль бүрээр ийм байхаар олон нийт PR-ийг нь хар бараан зүйл гэхээс ч өөр аргагүй байх. Одоо орон нутгийн сонгууль болох гэж байна. Бас л хар бараан болж өнгөрөх шинжтэй.

Жишээ нь, энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нэг PR-ийн компани “...тийм тооны хар мэдээг ийм, ийм сувгаар ингэж, тэгэж тараана, хариуцлагыг захиалагч хүлээнэ” гээд хар дээр цагаанаараа биччихсэн гэрээ бариад явж байхыг уншсан. Би тэр хүмүүсийг нь танина л даа. Сэтгүүлч мэргэжилтэй, одоо ч сэтгүүлч хийгээд явж байгаа. Ерөнхийдөө PR гэдгийг хийж байгаа нь ч, захиалсан нь ч иймэрхүү байдлаар хүлээж авдаг болжээ. Хамгийн гол нь энэ арга технологи нь ажиллаад сэтгүүл зүйн салбарт нэвтэрч чадаж байгаад салбарынхан нь анхаарах, хэлэлцэх хэрэгтэй болов уу. Харин би өөрийнхөө зүгээс нээлттэй байя, нам төрд харьяалагдахгүй байя, ядаж сэтгүүлчийн ёс зүйн зарчмуудыг баримтлаад явъя л гэсэн бодолтой байна.

Ер нь, олон нийттэй харилцах газрууд зөвхөн дарга, захиалагчдаа биш сэтгүүл зүйд ч давхар үйлчлэх ёстой санагддаг.

-Яагаад сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтална гэж?

-Өөр ойр дөхүү баримтлах зарчим байхгүй санагдаад. Би хэд, хэдэн улсын олон нийттэй харилцах агентлагуудын ёс зүйн зарчмыг судалсан. Шууд хуулж болохоор зүйл байхад болохгүй нь ч байна.

Нөгөө талаас олон нийттэй харилцах агентлаг мэдээ гаргадаг. Сэтгүүлч ч мэдээ гаргадаг. Үйл ажиллагаа нь ижил төстэйн хувьд сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлаад явахад алдаа гаргахгүй, алдаглаад хүн гүтгэхгүй. Өөрөөр бол үнэнд хамгийн ойр байх л зарчмыг баримтлана гэсэн хатуу бодолтой байгаа.

Бас захиалагчид PR-ийг буруу ашиглах гээд байгаа байдал ажиглагдаж байна. Жишээ нь, би мониторингийн үйлчилгээг улс төрчдөд танилцуулаад, харилцаад явдаг. Хэвлэлийн мониторингийн үйлчилгээг тэд “хяналт” гэж үзээд, хэн юу гэж ярьж, хэлж байгааг хянах зорилгоор сонирхож байна. Гэтэл хэвлэлийн мониторинг бол эсрэгээрээ иргэд юу гэж байгааг сонсоод, бодлого шийдвэрээ иргэдийн хүсэл, шаардлагатай уялдуулах байдлаар ашиглагдах ёстой үйлчилгээ.

Мөн олон нийтийн харилцааны үндэс нь мониторинг судалгаанд тулгуурлаж явдаг. Бараг 90-с дээш хувийн ажил нь судалгаа, мониторинг байдаг. Энэ суурийг зөв тавьчих юм бол дараа, дараагийн ажлуудаа дээш нь өрөөд л явна гэсэн үг. Мөн үйлчлүүлэгчдэд мэдээ бичихээс эхлээд сэтгүүл зүйн бичвэрүүд бичиж өгсний дараа биднээс нийтлэх асуудлыг хамтад нь шийдэж өгөхийг хүссэн тохиолдол цөөнгүй. Бүр нийтлэх ёстой юм шиг шаардсан тохиолдол ч байна.

Гэтэл мэдээг түгээх, олон нийтэд хүргэх нь редакцуудын онцгой эрх, редакц, сэтгүүлч бол хараат бус гэдгийг мэддэг баймаар юм. Тоохгүй байна уу даа л гэж харагдсан. Арга, хэлбэр нь хамаагүй, болж л өгвөл бүх газраар өөрийнх нь тухай мэдээ явж байхыг харах сонирхолтой болчихож. Тэр хүслийг нь гүйцэлдүүлэхэд хэвлэлийн ажилтнууд, PR агентлагууд бага оролцоосой л гэж хүсэх байна. Адаглаад л нийтлэх асуудлыг нь зар сурталчилгааны тарифт оруулах, захиалгатай гэдгийг нь тодотгох мэтээр энгийн хэдэн зүйлсийг бид өөрсдийн зүгээс хялбархаан хийж болно биз дээ, уг нь.

-Ер нь хаа, хаанаа анхаарах асуудал болсон. Маш сайн эсвэл гэгээлэг болсон улстөрчийн PR гэвэл ямар ажил санаанд орж байна?

-Тодорхой сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл энийг манайх хийсэн, энэ хүний ард манайх байсан гээд гараад ирэх, үйл ажиллагаа нь ил тод PR компани байхгүй. Эвент зэрэг үйл ажиллагаагаа л ил тод тавьсан байдаг.

Тийм болохоор тодорхой кейсээс авсан сургамж, зөвлөгөөгөө нээлттэй хуваалцах байдлаар салбарын хөгжилдөө хувь нэмэр оруулъя, үе тэнгийнхэнтэйгээ хамт хөгжье гэсэн бодолтой байна. Надаас залуу үеийнхэн ч олон нийтийн харилцааны салбарт шинээр орж ирсэн, компани үүсгэн байгуулаад ажиллаж байна. Бид уулзалдаж, өрсөлдөх гэхээс илүү харилцан суралцаж, нэг нэгнээ дэмжиж ажиллах зарчим баримталж байгаа нь үр дүнгээ өгөх байх гэж итгэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.