СУДАЛГАА: Дотоод орчны агаарын чанарыг хянах нь коронавирусийн тархалтыг бууруулна гэж үзжээ


Эрүүл мэндийн яамнаас дэлхий дахинд коронавируст халдварын эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймыг хүргэлээ.

 

 

Гэртээ байх журмыг мөрдсөнөөр хүнд хэлбэрийн астматай өвчтөний тоо 60%-аар буурчээ

1. АНУ-ын Филадельфи хотын 50 эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн хүмүүсийн дунд судалгаа хийхэд энэ оны гурав сарын 17-ноос гэртээ байх журмыг мөрдөж эхэлснээр хүнд хэлбэрийн астматай өвчтөний тоо 60 хувиар буурсныг тогтоожээ. 

Үүнийг судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлсний үр дүнд риновирусийн халдвар буурсантай холбон тайлбарлажээ. Риновирус нь астмын шинж тэмдгийг улам хүндрүүлж, гүнзгийрүүлдэг гэж судлаачид үзжээ.

Эмнэлэг, нийтийн тээвэр дотор агаарын чанарын стандартыг мөрдөх шаардлагатай

2. Германы Лепциг хотын Leibniz хүрээлэнгийн судлаачид коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг болохыг олон улсын 10 судалгааны үр дүнд үндэслэн дүгнэжээ. 

Судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээнээс гадна, дотоод орчны агаарын чанарыг хянах нь чухал гэж зөвлөжээ. 

Агаарын харьцангуй чийгшил 40-60% байхад коронавирусийн тархалтыг бууруулж байсан байна. Иймээс эмнэлэг, олуулаа суудаг ажлын өрөө, нийтийн тээвэр зэрэгт агаарын чанарын стандартыг мөрдөх шаардлагатай гэжээ.

COVID-19-өөр өвчилж нас барсан 10 өвчтөний эрхтэнд цусны бүлэн үүссэн байжээ

3. Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд коронавирусийн улмаас нас барсан 10 өвчтөний эд эрхтэнд шинжилгээ хийхэд бүх хүний уушги болон бөөр гэмтсэн, мөн уушги, зүрх, бөөр зэрэг эрхтэний аль нэгэнд эсвэл олон эрхтэнд цусны бүлэн үүссэн байсныг судалж, үр дүнгээ “Lancet” сэтгүүлд хэвлүүлжээ.

Хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү COVID-19-ийн халдвар тарааж байна

4. АНУ-ын Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид 1-22 насны 192 хүнд хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа насанд хүрсэн хүнийхээс хэд дахин илүү вирус байгааг илрүүлжээ. 

Иймээс судлаачид хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү халдварыг тараадаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Шүлснээс болон хамрын гүнээс авсан коронавирус илрүүлэх арчдасын шинжилгээний үр дүн адилхан гарчээ

5. АНУ-ын Солт Лейк хотын Ютагийн их сургуулийн судалгаагаар коронавирусийг илрүүлэх зорилгоор хүн өөрийнхөө шүлснээс авсан сорьц болон эмч хамрын гүнээс авсан арчдасыг шинжлэхэд үр дүн нь ижил гарсан байна. 

368 хүний 1,100 сорьцыг шинжлэхэд вирус илрэлт дээрх хоёр сорьцод ижилхэн 90% байсан байна. Шүлсний сорьц нь хамрын гүний болон хамар залгиурын арчдасыг цуглуулахаас хялбар, шинжилгээ өгч байгаа хүнд хүндрэл багатай юм.

 

Эх сурвалж: Г.Мөрөн ikon .mn (ЭМЯ)

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.