"800 хятад"-ын хэргийг энэ сарын 23-ны өдөр шүүнэ


Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс сүр дуулиантай шалгаж эхэлсэн билээ.

Хууль, хяналтын байгууллагын тусгай ажиллагааны үр дүнд өндөр хүчин чадал бүхий 1000 орчим  комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн  тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан байдаг.

Албадан-гаргалт-10

БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа гэгч энэ зохион байгуулалттай бүлэглэлийг байгуулж, удирдсан хэрэгт холбогдоод буй. Хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.  

Улмаар гол зохион байгуулагч болох 15 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, үлдсэн хүмүүсийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-нд нутаг буцаасан билээ.

70330033_1318146075034775_200985494287286272_n

Эдгээр иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар тогтож, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн юм.

Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэх саналаа 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, долдугаар сарын 31-ний өдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2020.09.09/ болсон.

 

Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг есдүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэсэн байна.

 

Албадан-гаргалт-2

Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валют хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байсан.

Улмаар тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдсон юм.

Эх сурвалж: Э.БУРАМ news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.