Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хороо байгуулах төсөл өргөн барилаа


УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Д.Тогтохсүрэн нарын 20 гаруй гишүүн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Түр хороо гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, тэднийг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулан ажиллах шаардлага үүсээд байна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

 

Хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох зайлшгүй шаардлага бий болоод байна

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай” хэлэлцээр, 24 улстай “Худалдаа, эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг байгуулаад байна.

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ҮАБЗ-өөс 2020 оны 01 дүгээр сард “Хилийн боомтыг хаах тухай” зөвлөмж, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-нд “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 39 дүгээр тогтоол гаргасан.

Цар тахлын улмаас улсын хил хаасантай холбоотойгоор агаарын зорчигч тээвэр хязгаарлагдаж, гадаад улсын иргэд, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд, гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан.

Түүнчлэн гадаад эдийн засгийн өсөлт өмнөх жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой боловсруулах, төлөвлөх, санхүүжүүлэх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох зайлшгүй шаардлага бий болоод байгаатай холбогдуулан “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо”-г УИХ-д байгуулах нь зүйтэй гэж үзэж, тогтоолын төслийг боловсруулсан байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.