"Эцэг, эхчүүд бусдад хүүхдээ даатгаад үлдээх биш өөрсдөө хараа хяналтаа сайжруулах шаардлагатай"


Хэдхэн хоногийн дараа хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг цагдаагийн байгууллагаас зохион байгуулах болон эцэг, эхчүүд юунд анхаарах ёстой талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

- Сайн байна уу. Хичээл сургууль орохтой холбоотойгоор хүүхдийн эсрэг ямар гэмт хэрэг, зөрчлүүд ихэвчлэн гардаг вэ?

- Үндсэндээ наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-н хүртэл гэмт хэрэг зөрчлийн гаралт нэмэгддэг тул цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн эргүүл, шалгалтыг зохион байгуулж ажилладаг. Хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор дунджаар аймаг нийслэлээс 300-400 мянга орчим оюутан, сурагч нийслэл хотод төвлөрдөг. 

Энэ үед ихэвчлэн дараах гурван төрлийн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагддаг юм. 

  1. Оюутан сурагчдыг залилан мэхлэх. Тухайлбал, ямар нэгэн сургуульд элсэлтийн шалгалтгүйгээр оруулна, дотуур байранд байрлуулж өгнө гэдэг байдлаар оюутны төлбөрийг залилан мэхэлдэг.
  2. Хичээлийн жил эхлэхээр оюутан, сурагчид анги хамт олноороо уулзаад архидан согтуурах, зорилгогүй дэмий тэнэх, танхайрах, зодолдож маргалдаад нэгнийгээ хохироох, өөрөөр хохирогч болох,
  3. Зам тээврийн осол зэрэг гэмт хэрэгт өсөн нэмэгдэж шалгагдан бүртгэгдэг.

Тиймээс эдгээр осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас жил бүр хичээлийн шинэ жилтэй холбоотой урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулдаг хэрэг.

Олон нийтийн газар, гудамж талбайд эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлдэг. Дээрээс нь хичээлийн шинэ жил эхлэх үеэр зах худалдааны төв зэрэг иргэд ихээр үйлчлүүлдэг газруудад халаасны хулгайн гэмт хэрэг их гардаг тул бас анхаарч ажилладаг. Мөн зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилладаг.  

- Энэ жилийн хувьд илүү онцгой анхаарах шаардлагатай зүйл юу байгаа бол. Тухайлбал энэ жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчид танхимаар гурав хоног, цахимаар хоёр хоног хичээллэх болохоор гэртээ өнгөрөөх цаг ихэснэ?

“Хичээл эхэллээ” аяныг цагдаагийн байгууллагаас зохион байгуулахаар төлөвлөгөө батлуулан хөдөө орон нутгууд руу ажлын чиглэл өгсөн байгаа.

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулиуд богино цагаар, гурван ээлжээр хичээллэх гэж байгаа болохоор хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэх, харж хандах зэргээс эхлээд олон асуудал эцэг эхчүүдэд тулгарах байх. Гэсэн хэдий ч хүүхдээ ялангуяа бага ангийн хүүхдүүдээ хүргэж өгөөд, тарахад ажил төрлөө зохицуулаад авахгүй бол эрсдэлтэй зүйлүүд гарна.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг таван төрөлд хамгаална гэж заасан байдаг. Үүнд,  

  1. Гэр бүлийн,
  2. Боловсрол,
  3. Эрүүл мэнд,
  4. Цахим,
  5. Хэвлэл мэдээллийн орчин хамаарна.

Боловсролын тухайд гэхэд сая коронавирусийн халдвартай  холбоотойгоор хоёрдугаар сараас хойш танхимаар хичээл ороогүй.

Иймд сургуулийн орчны аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 810 орчим ЕБС, 100 орчим Их, дээд сургууль, коллеж, 1,400 орчим цэцэрлэг, яслийг шалгасан. Ингэхдээ камерын хяналт, тоглоомын талбай зэргийг шалгаж, аюулгүй байдлыг хангах шаардлага хүргүүлэн, хангуулахаар ажиллаж байна.

- Эцэг, эхчүүдэд онцгой захиж, анхааруулах зүйл юу байна вэ?

Нэгдүгээр ангид орж байгаа зургаан настангууд төөрөх, гэмтэх асуудал их бүртгэгддэг. 

Эцэг, эхчүүд нь хичээлийн эхний долоо хоног хүргэж өгч, авчихаад, дараагийн долоо хоногоос нь эхлээд хүргэж өгөөд тарахад нь авдаггүй. Эсвэл хүнд захидаг тохиолдол их. Иймэрхүү байдлаар хүүхдийг хараа хяналтгүй явуулбал зам тээврийн осол гэмтэл, нүх шуудуунд унах, нохойд хазуулах зэрэг янз бүрийн осол гэмтэлд орох эрсдэлтэй.  

Цагдаагийн машинт эргүүл, явган эргүүл, сайн дурын эргүүлүүд явж, камерын хяналт байх ч гэсэн хүүхэд хохирч буй гэмт хэргийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйлдэгддэг болохыг санах хэрэгтэй.

Эцэг, эхчүүд бусдад хүүхдээ даатгаад үлдээх биш өөрсдөө хараа хяналтаа сайжруулах шаардлагатай. Бас сургуулийн автобус явах ч гэлээ шууд явж эхлээд жигдрэхгүй тул найдаад орхиж болохгүй.

- Энэ жилийн хувьд бас хорио цээртэй холбоотойгоор хүүхдүүдэд тохиолдсон ямар осол гэмтэл их байсан бол?  

- Цар тахалтай холбоотойгоор гадуур хөл хөдөлгөөн харьцангуй бага байна. Эцэг, эхчүүд ч хүүхдэдээ тавих хараа хяналт нь сайн байгаа гэж бодож байна.

Гэсэн хэдий ч гол усанд живэх, төөрөх өндрөөс унах гэх мэт санамсаргүй, болгоомжгүй байдлаас үүдэлтэй ослууд цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэн шалгагдаж байгаа. Өнгөрсөн жил нийт 20 орчим хүүхэд голын усанд живж амиа алдсан. Гэтэл энэ жил 5-8 дугаар саруудад нийт 50 орчим хүүхэд живж амь насаа алдсан.

Мөн хорио цээр дэглэмийн үед халуун тогоонд түлэгдсэн, тогонд цохиулсан, бэртэж гэмтсэн зэрэг, тоглоомын талбайд бэртэж гэмтсэн гэх ахуйн ослууд маш их бүртгэгдсэн. 

Тодруулбал, Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутмаг, хайхрамжгүй байдлаас шалтгаалан энэ оны эхний зургаан сарын байдлаар:

  • зам тээврийн ослын улмаас-26
  • ухсан нүх шуудуунд унаж-5
  • өндрөөс унаж-9
  • гадны биетэд цохиулж-1
  • халуун ус, галд түлэгдэж-5
  • морьноос унаж-8 хүүхэд тус тус амь насаараа хохирсон.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлууд тогтмол хийгдэж байгаа. Хамгийн гол нь эцэг, эх, асран хамгаалагчид үүргээ сайн биелүүлэх шаардлагатайг хэлэх байна.

Нэмж хэлэхэд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд үүд хаалгаа нээгээд, ажиллаж эхэллээ. Хуулиараа 21 наснаас доош насныханд архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон. Хэрвээ 21-ээс доош насны оюутан сурагчдад архи согтууруулах ундаагаар үйлчилбэл хатуу хариуцлага тооцно.    

Хэрэв хүүхдүүд архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн тохиолдолд сургууль руу нь танай тэр оюутан, сурагч ийм зөрчил гаргасан тул урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн хэмжээнд зохион байгуул гэх албан мэдэгдэл хүргүүлнэ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.