М.Батмагнай: Цаашид хүүхдийн оюунд хөрөнгө оруулахад илүү анхаарч ажиллана


Монголчууд эрт үеэс хүүхдээ үлгэрээр дамжуулан эр зоригтой, үнэнч шударга, ажилч хөдөлмөрч болгож хүмүүжүүлэхийг зорьсоор ирсэн. Хүүхдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх нэг арга нь үлгэр ч гэж үздэг байна. Тэгвэл бяцхан хүүхэд, багачуудыг үлгэрийн ертөнцөөр аялуулж, сонорыг нь мялаах шинэхэн уран бүтээл бэлэн болжээ. Харин уг бүтээлийг санаачлагч “Сонор мялаахын нөхөд” фэйсбүүк группын үүсгэн байгуулагч, МУСТА, жүжигчин, уран уншигч М.Батмагнайтай цөөн хором ярилцлаа.

-"Үлгэрийн ертөнц-1" цомог гаргасан юм байна.  Шинэ цомгийнхоо талаар ярихгүй юу?

-Шинэ бүтээлээ хүлээн авч  байгаадаа туйлын баяртай байна. Манай “Сонор мялаахын нөхөд” группын зүгээс хүүхэд багачуудынхаа оюунд хөрөнгө оруулах зорилгоор “ Үлгэрийн ертөнц-1” цуврал, дабль цомгийнхоо эхний хувилбарыг гаргаад байна. Цомогт 19 ширхэг монгол ардын үлгэр багтсан.

-Цуврал гэхээр цаашлаад үргэлжлүүлэн гаргах санаа бий байх?

-Тийм ээ. Манай монгол ардын үлгэрүүд дуусашгүй, арвин баялаг байдаг учир үлгэрийн ертөнц хоёр, гурав гэх мэтээр үргэлжлүүлэн гаргана гэсэн бодолтой байгаа. Мөн өөр орны гайхалтай үлгэрүүдээр ч гэсэн гаргая гэж төлөвлөж байна.

-Үлгэрийн цомог гаргах  санаачилгыг анх хэрхэн гаргаж байв?

-Манай “Сонор мялаахын нөхөд” группын гишүүд маань ихэвчлэн гадаадад амьдардаг юм. Иймд эх хэлээ мартахаас сэргийлэн, хүүхдэд зориулсан бүтээл хийвэл яасан юм бэ гэсэн саналыг тавьсан. Тухайн үедээ хэд хэдэн үлгэр уншиж нийтэлсэн маань хүмүүст хүрч, үүнийгээ цаашлаад цомог болгоё гэх шийдэлд хүргэсэн дээ.

-Тэгэхээр гол шийдэлд хүргэсэн “Сонор мялаахын нөхөд” бүлгэмийн тань талаар сонирхоё?

-Анх би өөрөө ном, зохиол унших их дуртай хүүхэд байлаа. Гэсэн ч тэр болгон цаг зав, гардаггүй байсан юм. Үүнтэй адил хүсэл байв ч завгүй байдаг хүмүүстээ зориулан өөрийн “Мэнджаргалын Батмагнай” гэх фэйсбүүк хуудсыг нээж байсан. Ингээд хамгийн анх Соёлгэрэл зохиолчийн “Сахиусан тэнгэрийн нулимс” гэх зохиолыг уншин, нийтэлж байлаа. Энэ маань ч олон хүмүүст таалагдаж, цаашлаад санал сэтгэгдлээ хуваалцах групптэй болъё гэсэн гишүүдийн хүсэлтээр  2018 онд байгуулсан юм. Монголынхоо зохиолчдын гайхалтай зохиолуудыг сурталчлан таниулж, хэн бүхний оюунд хөрөнгө оруулах зорилготой нээгдсэн групп маань өсөн дэвжиж явсаар өдгөө 18 мянга гаруй гишүүнтэй болсон байна. Мөн хар бараан энэ нийгэмд ганц ч гэсэн гэрэлтэй зүйл байх нь сайхан хэрэг шүү дээ.

-Цомогт багтсан бүх үлгэрийг  та уншсан уу?

-Тийм ээ, би бүгдийг нь уншсан. Харин цаашдын бүтээлүүд дээрээ зохиол унших талаар сонирхдог, суралцах хүсэлтэй хүмүүсээ сургаж, уншуулна гэж бодож байгаа. Учир нь намайг сонсож, мэддэг хүмүүс маань сургалт явуулах ч юм уу, энэ тал дээр зааж сургах хүсэлт ихээхэн тавьдаг юм. Энэ төрлийн сургалтыг явуулснаар тухайн хүн өөрийгөө нээж, авьяас чадвараа хөгжүүлэх, хүнтэй зөв харилцах арга техникийг эзэмших давуу талуудтай байдаг.

-Үлгэрийн ном сонсож, унших нь хүүхдийн сэтгэхүйд ямар ач тустай байдаг юм бэ?

-Монгол ардын үлгэрүүдэд эртний өв соёл болоод ёс заншил, уламжлалыг тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Тэр ч утгаараа хүүхэд эдгээр зүйлээс суралцан, мэдэж авч, монгол ахуй соёлтойгоо танилцана. Мөн багаасаа үлгэр сонссон хүүхэд анхааралтай, тэвчээртэй болох төдийгүй ойлгон тогтоох, цээжлэх чадвар нь ч хөгжих гэх мэт олон ач холбогдолтой. Үлгэрээс сурах зүйл их бий гэдэг шүү дээ.

-Хүүхэд, багачуудад зориулсан энэ төрлийн цомог Монголд тийм ч их байдаггүй байх?

-Тийм. Энэ талаар судалж үзэхэд, яг үлгэрийн цомог цөөхөн байдаг юм байна билээ.

-Цомог авах хүсэлтэй хүмүүсийн тухайд?

-Энэ цомог маань үүнээс цааш хэвлэгдэхгүй, зөвхөн ганц хувь нь л хүмүүсийн гар дээр очно гэдгээрээ үнэ цэнэтэй. Бид цаашдаа хүүхдүүддээ зориулаад, үүнээс илүү ямар хялбар аргаар шинэ бүтээлүүд хийх боломжтой гэдэг дээр илүү сайн анхаарч, ажиллах болно. Харин сонирхож байгаа хүмүүсийн хувьд зөвхөн манай фэйсбүүк хуудсаар дамжуулан холбогдож авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын хүүхдийн оюуны хөрөнгө оруулалтад хийх гэгээн үйлс тань дэлгэрэх болтугай.

-Баярлалаа. Та бүгдэд амжилт хүсье.

 Э.Баглаацэцэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.