Сураггүй алга болоод байсан жүжигчин бүсгүйн цогцсыг олжээ


Калифорнийн өмнө зүгт оршдог Пиру нууранд хүүгийнхээ хамт завьтай явж байхдаа сураггүй алга болоод байсан Америкийн хөгжимт, инээдмийн "Glee" цуврал киноны од Ная Риверагийн цогцсыг албаныхан олжээ. 

Олон нийтэд нээлттэй байдаг нуурын эргийг хааж эрлийн ажиллагааг хийсэн ба далайн гүнд үзэгдэх орчин хязгаарлагдмал тул 100 гаруй шумбагчдын тоог 40 болгон бууруулж, дуу авианы локатор төхөөрөмжийг ашиглан эрлийг үргэлжлүүлжээ. Мөн эрлийн ажиллагааны үеэр жүжигчин бүсгүйн ээж аав, дүү, хүүгийнх нь аав, экс нөхөр Райан Дорси нар ч оролцсон байна. Жүжигчин бүсгүйн цогцсыг Пиру нуурын гүнээс өчигдөр буюу долоодугаар сарын 13-ны өглөөний 09:00 цагт олжээ. 

Вентурагийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр 33 настай жүжигчин эмэгтэй энэ сарын 8-нд хүүтэйгээ хамт завь түрээсэлж явсан байна. Тэд машинаа нуурын эрэг дээрх зогсоолд байршуулан явж байгаа дүрс хяналтын камерт үлджээ. Риверагийн хүүг завь түрээсэлснээс хойш гурван цагийн дараа өөр завиар явж байсан хүмүүс олсон байна. Хүү ээжтэйгээ хамт сэлж байсан, гэвч ээж нь завин дээрээ эргэж ирээгүй хэмээн ярьжээ.  Цагдаагийн газраас мэдээлснээр хүүг завин дээр унтаж байхад нь олсон бөгөөд тэрбээр аврах хантаазтай байсан гэнэ. Мөн хүүгийнх нь хэлснээр ээж нь аврах хантаазгүй байсан ба албаныхны үзэж буйгаар тэрээр хүүгээ аврахын тулд завин дээр гаргах гэж хамаг хүчээ шавхан сэлж, өөрөө цуцаж амиа алдсан байх магадлалтай гэж урьдчилсан байдлаар таамаглаад байгаа аж. 

"GLEE" ЦУВРАЛЫН ЖҮЖИГЧИН КОРИ МОНТЕЙТ МӨН Л ДОЛООДУГААР САРЫН 13-НД НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДОЖ БАЙЖЭЭ

Glee цувралын жүжигчин Кори Монтейт болон Ная Ривера нар

Glee цувралын жүжигчин Кори Монтейт болон Ная Ривера нар

"Glee" цувралын Фин Хадсоны дүрд тоглосон Канадын жүжигчин Кори Монтейт одоогоос 7 жилийн өмнө буюу 2013 оны долоодугаар сарын 13-нд мөн амиа алдсан байдалтай олдож байжээ. Жүжигчин Ная Ривера түүний оршуулгын ёслолд "If I Die Young" /Хэрэв би цэл залуугаараа өөд болвол.../ хэмээх дууг дуулж байв. Мөн "Glee" кинонд тоглосон жүжигчин Марк Саллинг 35 насандаа буюу 2018 онд амиа егүүтгэсэн байна. Ийнхүү тус цуврал киноны гурван жүжигчин амиа алдаад байгаа юм. 

Ная Ривера гэж хэн бэ?

Ривера багаасаа шоу бизнесийн ертөнцөд хөл тавьж, телевизийн цуврал, сурталчилгаанд тоглож байжээ. Тэрбээр дөрвөн настайдаа "Хааны гэр бүл" ситком цуврал болон өөр олон кинонд тоглосон байна. 

2009-2015 онд Fox  сувгаар гарсан "Glee" цувралын Сантана Лопезийн дүрд тоглосноор түүний нэр хүнд олонд алдаршсан байна. "New Directions" найрал дууны хамтлагийн тухай гардаг тус цувралын зургаан бүлэгт Ривера тогложээ.

2014 онд тэрбээр "Гэр" триллер киноны гол дүрд тоглосон байна. Тухайн ондоо тэрбээр жүжигчин Райан Дорситой гэр бүл болж хүүгээ төрүүлсэн бөгөөд 2018 онд гэр бүлээ цуцлуулжээ.

Эх сурвалж: ВВС, Wikipedia

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.